О.Саранчулуун: Сэргээн засалт бол хөрөнгө оруулалт

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууны санаачилгаар “Сэргээн засах ба хөгжлийн бэрхшээл” сэдэвт чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын ивээл дор Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын “Эрүүл мэнд” зорилгын 2.2-т “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлж, чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлнэ” гэж заасан. Уг зорилтыг хэрэгжүүлэх эхний үе шат (2021–2030)-ыг эрүүл мэндийн тогтолцооны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шинэчлэлийн үе гэж тодорхойлсон билээ.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Сэргээн засах тусламж үйлчилгээг гэр бүл, нийгэмд тулгуурлан хөгжүүлэх нь зайлшгүй хэрэгцээ. Үүний тулд туслах технологийн төвтэй болох шаардлагатай. Сэргээн засалт бол зардал бус, харин хөрөнгө оруулалт юм — 1 төгрөгийн хөрөнгө оруулалт 3-4 төгрөгийн хэмнэлт бий болгож, ирээдүйд төрийн ачааллыг бууруулах үнэт шийдэл болдог.

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.2.8-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, шаардлагатай иргэдэд урт болон богино хугацаанд цогц, нотолгоонд суурилсан үйлчилгээ үзүүлж, чанар, аюулгүй байдлыг хангана” гэж заасан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн А/749 дүгээр тушаалаар баталсан “Сэргээн засах тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэл, төлөвлөгөө (2021–2026)” нь олон улсын түвшинд нийцсэн, үйлчлүүлэгч төвтэй, чанартай, аюулгүй үйлчилгээг хөгжүүлэх зорилгыг дэвшүүлсэн.

Сүүлийн жилүүдэд сэргээн засах тусламж үйлчилгээний талаарх ойлголт өргөжиж, хүний эрхэд суурилсан хандлагад тулгуурлах болсон ч бодлого, бүтэц, санхүүжилт, хүний нөөц, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тогтолцоонд бүрэн нэгтгэх тал дээр нэгдсэн ойлголт, мэдлэг дутмаг хэвээр байна. Түүнчлэн шинэ нэр томьёо хэрэглээнд нэвтэрч байгаа хэдий ч нийтлэг ойлголтыг бий болгох шаардлага тулгарч байгаа тул энэхүү чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганы зорилго нь сэргээн засах салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хөгжлийн замын зураглал гаргах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.

Энэ удаагийн чуулганаар ДЭМБ болон Сэргээн засахынолон улсын байгууллага (Rehabilitation International) дэлхий дахинд баримталж буй бодлого, стратегийг танилцуулах бөгөөд Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг салбарын судалгаа, анхан шатны мэдээллийг хуваалцана. Төрийн байгууллага, олон улсын байгууллага, ТББ, хувийн хэвшил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож, сэргээн засах үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх арга зам, бодлого, туршлага, шийдлийг хэлэлцэнэ.

Чуулганаас бодлогын зөвлөмж гарч, замын зураглалыг оролцогч талууд хамтран боловсруулан хэрэгжүүлэх бөгөөд энэ нь НҮБ-ын Конвенц болон ДЭМБ-ын тогтоолын хэрэгжилтийг хангахад чухал хувь нэмэр оруулах юм.

Энэхүү арга хэмжээ нь 2025 оны 5 дугаар сарын 20-нд УИХ-ын гишүүн О.Саранчулууны санаачилгаар зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын Конвенцын хэрэгжилт”-ийн хэлэлцүүлгийн үргэлжлэл юм. Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, сэргээн засах салбарын эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сувилагч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож байна.

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “О.Саранчулуун: Сэргээн засалт бол хөрөнгө оруулалт

Agueda-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.