Ж.Галбадрах: Яармаг орчмын ЕБС-ийн асуудлыг баригдаж буй орон сууцтай нь уялдуулж хурдтай шийдэх ёстой

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан  “Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах албаны хүмүүсийн хамт нийслэлийн даац хэтэрсэн ЕБС-иудын үйл ажиллагаатай танилцаж буй.

2026 оныг Засгийн газраас “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд ажлын хэсгийнхэн боловсролын чанарыг сайжруулах 10 чиглэлийн ажил төлөвлөөд буйн хамгийн эхнийх нь сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг сайжруулах юм.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах Нийслэлийн Ерөнхий Боловсролын 34-р сургуульд ажиллав

Тус сургууль 5340 сурагчтай бөгөөд бага ангийн 53 бүлэгт 2700 гаруй сурагч, дунд, ахлах ангийн 64 бүлэгт 2600 гаруй сурагч суралцаж буй бөгөөд 40 орчим багшийн дутагдалтай байгаа аж. Сургуульд:

  • 2021-2022 оны хичээлийн жилд 2188 сурагч
  • 2022-2023 оны хичээлийн жилд 2846
  • 2023-2024 оны хичээлийн жилд 3787
  • 2024-2025 оны хичээлийн жилд 4689 сурагч элсэн оржээ.

Яармаг орчим дахь оршин суугчдын шилжилт хөдөлгөөн тасралтгүй нэмэгдэж байгаа нь сургуулийн даац хэтрэхэд нөлөөлж, улмаар 34-р сургууль үндсэн байрнаасаа гадна 2 түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна. Орон сууцны зориулалттай тус байрууд нь цонхгүй, агааржуулалтын систем муу, ариун цэврийн байгууламжийн хүртээмж тааруу зэрэг олон асуудлаас болж сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Мөн түрээсийн байранд сурч буй сурагчид биеийн тамирын хичээлдээ ороход ихээхэн хүндрэлтэй байдгийг сургуулийн удирдлагууд онцолж байв.

УИХ-ын гишүүн, “Боловсрол, шинжлэх ухааны асуудлаар санал дүгнэлт боловсруулах” ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах “УИХ, Засгийн газрын гишүүд, олон нийтэд сургуулийн хүртээмж, нэг ангид хамрагдах сурагчийн тоог 40-өөс доош оруулахын ач холбогдогдлыг ойлгуулах зорилготой ажиллаж байна.

Ингэснээр 2027 оны төсвийг хэлэлцэх үеэр боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлэх, багш ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд анхаарлыг нь хандуулах ач холбогдолтой юм. Мөн Яармаг орчмын сургуулиудын асуудлыг баригдаж буй орон сууцтай нь уялдуулж хурдтай шийдэх ёстой” хэмээн онцоллоо.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.