Уул усны диваажин Увс аймаг удахгүй түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж буй. Тус нутгийн бахархал болсон зүйлсийн нэг нь яах аргагүй “бөхчүүд” юм. Увс нутгаас төрөн гарсан олон арван хүчтэн Монголын үндэсний бөхийн түүхэнд тод мөрөө үлдээсэн бөгөөд тэдний нэр, алдар нь зөвхөн нутагтаа бус, улс орон даяар алдаршсан байдаг.
Чансаа өндөр, өрсөлдөөнт барилдаан наадмуудыг шаламгай хөдөлгөөн, хурц мэхээр олны мэлмийг баясгаж чаддаг Увсын бөхчүүдгүйгээр төсөөлөхөд бэрх биз. Та бүхэндээ тус нутгаас төрөн гарсан Улсын аваргуудын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Увсын унаган аваргууд бол зөвхөн нэг аймгийн чимэг биш, нийт Монгол түмний хайрлан хүндэлдэг, омогшиж бахархдаг үндэсний спортын бэлгэдэл болсон эрхмүүд билээ.
1.Дархан аварга Хорлоогийн Баянмөнх
Увс аймгийн Хяргас сумын харьяат 1844 оны 2-р сарын 2-нд мэндэлсэн. Өдгөө 81 настай тэрбээр ард түмнийхээ хайр хүндэтгэлийг бүрэн хүлээсэн, Монголын үндэсний бөхийн спортын домог болсон эрхэм билээ. 17 настайдаа Сумын заан, 19 насандаа Улсын начин цол хүртэж байсан энгүй хүчтэн нэгэн.
“Бөхчүүд намайг хаяад сургасан, дараа нь даваад хүмүүжүүлсэн” гэж ярих Хурц шаламгай, баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, үлэмж бадрах, улс даяар гайхамшигт, даяар дуурсагдах гээд цол чимэг бүрийн дээдийг өөрийнхөө хүчээр хүртсэн Монгол болон ОХУ-ын гавъяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, ХХ зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнх аваргаар бахархдаггүй Монгол хүн байхгүй биз.
Түүнд үндэсний бөхийн багш гэж байдаггүй байсан бөгөөд барилдаан дундаас л унаж босоод сурсан гэж нэгэн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр нэгийн даваанд уначихаад хувцсаа өмсдөггүй, барилдаан үзээд суучихдаг. Бөх дуусахаар үзүүр түрүүнийхэнтэй хамт хувцсаа өмсөнө. Барилдаан бүрийг тогтоон үзэж, ажигласан мэхээ дараа нь өөрөө туршдаг байсан бөгөөд дэвжээнд барилдаж буй бүх бөх түүний “багш” болдог байжээ.
Монгол үндэсний бөхийн Дархан аварга аварга тэрбээр баяр наадмын барилдаанд 10 гаруй удаа түрүүлж, 4 удаа үзүүрлэж, 27 удаа шөвгөрсөн. Цагаан сарын барилдаанд 8 түрүүлж 4 үзүүрлэсэн. Чөлөөт бөхийн Монгол Улсын 14 удаагийн аварга Х.Баянмөнх гуайн тохой сөхөж зүүн хөлд орох, хутгаж, ачих мэхийг залгамж олон бөхчүүд үлгэрлэж өвлөсөн.
Их хүч, хүн чанар, уужуу ухааныг өөртөө цогцлоосон түүний удамд дэвжээн дээр ноцох хүчтэнүүд мэндэлсээр байгаа бөгөөд хүү Гантогтох нь Монгол улсын Гарьд цолтой, мөн ач зээ хүү нар нь үндэсний болон самбо, жудо бөхөөр хичээллэсээр байгаа юм.
Дархан аварга Хорлоогийн Баянмөнх 2022 онд зодог тайлах их ёслол үйлдсэн бөгөөд одоо нутагтаа энх амар сууж буй.

2. Дархан аварга Намсрайжавын Батсуурь
Монгол улсын 10 дахь Дархан аварга. Увс аймгийн Ховд сумын харьяат 1987 оны 8-р сарын 11-нд мэндэлсэн. Аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж олны мэлмийг баясгадаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат түүнд “Ирээдүйн аварга” шагналаа гардуулж байснаас хойш долоон жилийн дараа Улсын аварга цол хүртсэн.
Тэрбээр улсын баяр наадмын барилдаанд дөрвөн удаа түрүүлж, есөн удаа шөвгөрч байжээ.
Түүний өвөө Ж. Гэлэг Улсын начин, аав Г. Намсрайжав нь Улсын харцага бөгөөд МУГТ О. Даваадалай, Улсын начин Ло. Энхбаяр нар ээжийнх нь хамаатан. Тиймээс тэр авга болон нагац талаасаа ч бөхийн удамтай нэгэн.
2021 онд “Тод сонин” чимгээ хураалгаж байсан ч удалгүй сэргээж Даян аварга цол, гурван жилийн дараа Улсын арслан Б. Орхонбаяраар ес давж Дархан аварга цол хүртсэн.
Одоогоор энэ зуны баяр наадам болон Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зодоглохоор “Увс нуур” дэвжээг ахалж бэлтгэлдээ гараад буй.

3. Улсын аварга Одвогийн Балжинням
Хурдан шаламгай хөдөлгөөнтэй нь дээр дунгуйлдах, хутгах, хавирах мэхээр олны мэлмийг баясгадаг Монгол улсын аварга О. Балжинням нь Увс аймгийн Наранбулаг сумын харьяат 1960 онд мэндэлсэн.
Авга, нагац талаасаа бөхийн удамтай, багаасаа бөх болох бүх шинж нь бүрдсэн түүнийг нутгийхан нь “зартай бөх болно” гэж билэгшээдэг байсан нь ёсоор болжээ.
Улсын баяр наадмаар 17 удаа шөвгөрч, 2 удаа үзүүрлэж, 1991 онд түрүүлж Улсын аварга цол хүртсэн. 17 настайдаа аймгийн арслан цол хүртэж байсан тэрбээр дан ганц үндэсний бөх гэлтгүй спортод туйлын хайртай нэгэн. Самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Сумо бөхийн дэлхийн аваргын мөнгөн медальт, Жүдо бөхийн дэлхийн аваргын анхны мөнгөн медальт түүний гавьяа зүтгэлийг үнэлж Гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.
Монголын үнэт өв болсон үндэсний бөхийн шинэ нэмэх, улам өрнөх, хурц шаламгай, өсөх идэр, үлэмж бадрах, бат нягт, бат суурьт, хичээнгүй нягт, харьшгүй жавхлант, өнөд баясгалант, манлайн дээд, олныг баясуулагч, манлайн баясгалант, бүхнээ дуурсгалт чимэгт, ард түмэндээ жудагтай аварга хэмээн хүндлэгдсэн О. Балжаа аваргын дасгалжуулсан шавь нар өдгөө спортод цахиур хагалж явна.

4. Улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс
23 насандаа Улсын арслан цол хүртэж байсан тэрбээр өдгөө Монгол улсын 25 дахь аварга. Увс аймгийн Давст сумын харьяат 1988 оны 4-р сарын 7-нд мэндэлсэн.
Бөхчүүд дундаа хамгийн нуруулагт тооцогддог бөгөөд 192 см өндөр. Мөн ээж нь түүнийг 11 сар тээж 5,2 кг жинтэй төрүүлсэн нь тэрбээр анхнаасаа л “хүчит бөх” байхаар заяагдсан мэт.
Аймгийн цолтноос шууд Улсын цолтон болсон тэрбээр 2020 онд Дархан аварга Н. Батсууриар ес давж “Улсын аварга” цол хүртэж байсан.
“Даруухан бай. Даруу явсан хүн хэзээ ч алддаггүй юм” гэх ижий, аавынхаа сургаалыг дагадаг хэмээн ярьдаг, ард түмэндээ “гүндүүгүй сайхан аварга” гэж хүндлүүлдэг П. Бүрэнтөгс аварга энэ зуны барилдаануудынхаа бэлтгэлийг базаахаар “Алдар” спорт хорооны бөхчүүдээ ахалж бэлтгэлдээ гараад буй.

5. Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат
Унасан газар, уул усаа шүтэж барилддаг, С. Мөнхбат Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат 1984 онд мэндэлсэн.
Түүний анхны багш нь сумын заан цолтой аав нь байжээ. Багаасаа ноцолдож өссөн бөгөөд 24 насандаа аймгийн цолтон болж, 2011 онд улсын баяр наадамд 10 даван түрүүлж, Улсын аварга цол хүртэж байсан.
Үнэн зоригт, өлзий бадрах, цогт гарамгай, үлэмж хичээнгүй чимэгт 27 насандаа Монгол улсын 20 дахь аварга цолыг хүртсэн С. Мөнхбат аварга барилдаан бүрийн үзүүр, шөвөгт тунаж явдаг жудагтай, сайхан барилддаг бөхчүүдийн нэг яах аргагүй мөн.
Ард түмэндээ “бор аварга” хэмээн хүндлэгдсэн тэрбээр үндэсний бөхөөс гадна Монгол эр хүний үнэ цэнийг бий болгох, баялаг бүтээгч, зорилготой иргэн бүтээхийг зорьж “Эзэн байя”, “Монгол мөрөөдөл” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, 20 мянган хүүхдийг сургалтад хамруулсан. Мөн “Альфа медикал” гэх сэргээн засах эмнэлэг байгуулсан зэрэг нийгэмд эерэг олон зүйл хийсэн байдаг.
Бор аварга өдгөө унаган нутгийнхаа түүхт 100 жилийн ой болон баяр наадмын барилдааныхаа бэлтгэлийг базаахаар “Увс нуур” дэвжээний бөхчүүдтэйгээ бэлтгэлдээ гараад байна.


1844 онд төрөөд байгаарай
Plunge into the epic sandbox of EVE Online. Start your journey today. Trade alongside thousands of explorers worldwide. Begin your journey