Турк Улстай батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлутын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчилж хоёр талын уулзалт хийлээ.

Түүнийг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд төрийн Хүндэт харуул болон Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээж авснаар айлчлал эхлэлээ.

Үргэлжлүүлэн талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцож, яриа хэлэлцээ хийв.

Хоёр тал Монгол, Туркийн харилцаа түүхэн уламжлал, соёлын гүн холбоонд тулгуурласан стратегийн түншлэл болж өргөжсөнийг тэмдэглэж, цаашид батлан хамгаалах, цэргийн боловсрол, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцлаа.

Уулзалтын үеэр хоёр талын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд сумны бэсрэг үйлдвэрийг амжилттай ашиглалтад оруулж буйд хоёр тал сэтгэл ханамжтай байгаагаа харилцан илэрхийлж, цаашид, Түрэг судлалын хүрээнд явуулж буй археологийн судалгааг өргөжүүлж, монгол цэргийн түүх, өв соёлыг хамтран судлах, эрүүл мэндийн салбарын туршлага солилцох, цэргийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, цэргийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд хүндэтгэл үзүүлж, Их хар сүлдний утга учрыг тайлбарлан, монгол өв соёлоо таниулахын сацуу хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн, найрсаг харилцааг ирээдүйд улам бататган хөгжүүлэх итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

БНТУ-ын Үндэсний Батлан Хамгаалахын сайд Яшар Гүлэрийн айлчлал нь хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад байгуулагдсан бага оврын сумны үйлдвэрийн нээлтэд оролцсоноор үргэлжилнэ гэж БХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.