Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Г.Дамдинням нүүрсний худалдаа, АМНАТ болон Биржийн хуультай холбоотой мэдэгдэл хийлээ.
Тэрбээр өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ УИХ-ын гишүүн Д.Сайнзоригийн талаар ноцтой асуудал хөндөв.
“Д.Сайнзориг Хууль зүйн яаманд 9 жил ажиллахдаа нүүрсний АМНАТ-тай холбоотой 10 тогтоолын 5-д оролцож, тэр ч байтугай гэрээний үнээр хийх шийдвэр гаргаж байсан. Энэ нь улсад хохирол учруулсан байж болзошгүй. Тийм байж өнөөдөр шударга хүний дүрд тоглож байгаа нь хачирхалтай.
Хэрэв үнэхээр шударга юм бол улсад хохирол учруулсан гэрээгээ тайлбарла” хэмээв.
Мөн тэрбээр нүүрсний биржийн худалдаа, ил тод байдлыг хязгаарлах оролдлого салбарын сайдад дарамт хэлбэрээр ирж байгааг онцолж,
“Хэрэв биржийн арилжааг зогсоовол нууц гэрээгээр нүүрс худалдах, хулгай хийх байдал дахин газар авна. Тиймээс бид Биржийн хуулиа бүрэн хэрэгжүүлнэ” гэв.
Г.Дамдинням сайдын хэлснээр Засгийн газрын 55 дугаар тогтоол нь “хулгайг дэмжсэн бус, харин нүүрсний худалдааг ил тод болгох, татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Тэрээр “Тогтоол нь орлого нэмэгдүүлэх, ил тод байдлыг бий болгох чиглэлтэй байтал зарим улстөрчид улс орныхоо эрх ашгийг золиослон улс төржиж байна. Улс төржихийг илүүд үзэж, улс орноо хоослохыг тэд юман чинээ бодохгүй байна. Гэвч үнэн ил болно, хулгай дараалан илрэх цаг айсуй” гэв.
