УИХ-ын гишүүн Ж.Галбадрах улс төрийн нөхцөл байдлын талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.
“Төсвөө хэлэлцье, та минь ээ!
Сандал суудлын төлөөх хэрүүл хэрээс хэтэрлээ.
Миний хувьд анхнаасаа төсөв хэлэлцэж батлах цаг хомс тул засаг, төр тогтвортой байх байр суурийг баримталж буй.
Улс орны эрх ашиг ямагт нэгдүгээрт байх ёстой.
Гэтэл энэ зарчим алдагдаж,
Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын асуудлыг хэлэлцэх гэж бүтэн долоо хоног алдлаа.
Чуулган хуралдаж шийдвэр гаргахад ахиад хэд хонох вэ.
Ерөнхийлөгчийн хориг ч бий.
Тэгсээр байтал сар болох ч магад.
Олон гишүүн энэ асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлж, хэрүүл тэмцлээс залхаж байгаагаа хэлж байна.
Зүйрлэвэл, Монгол улс маань өглөө босоход л аав, ээж нь хэрэлдэж эхэлдэг айл шиг байна.
Гэр бүлийн гишүүд өдөржин тавгүй, ямар ч бүтээмжгүй өдрийг өнгөрөөнө.
Орой нь ахиад л хүүхдүүдээ талцуулж байгаад хэрэлдэнэ.
Шөнө ч унтаж чадахгүй, хэрхэн маргааш хэрэлдэхээ бодсоор дутуу хагас унтана.
Хэрүүл л бодсоор, хэрэлдсээр өдөр хоногийг өнгөрөөх гэр бүл удалгүй салж сарниж, ажил төрөлгүй, аз жаргалгүй болдог хуультай.
Ахмадууд ч хэлж байна:
“Энэ хэрүүлээс чинь болж улсаараа хэрүүлийн бузарт өртлөө” гэж.
Төрийн байгууллагууд ч ажил хийхээ болилоо.
Хаана ч шийдвэр гаргахаа болилоо.
Өвөлжилтийн бэлтгэл ч тэг заалаа.
Ард түмний амьдрал маш хэцүү боллоо.
Тийм учраас энэ хэрүүлдээ хурдан цэг тавихыг талуудаас шаардаж байна.
Төсвөө хэлэлцье!
Маш олон зарчмын зөрүүтэй саналтай гишүүд бий.
Жишээ нь:
– Багш, эмч нарын цалин нэмэх асуудал
– Орлогын эх үүсвэрийг төсөвт суулгах
– АХБ-ны зээлийг оновчтой зарцуулах тухай бодлогын мэтгэлцээн
Одоо хувийн амбицаа бодож хэрэлдэж суух биш,
улс орноо бодож хэрүүл тэмцлээ шийдэх цаг ирлээ” гэв.
