Хугацаат цэргийн алба хаагчид цахилгаанчин, гагнуурчин зэрэг мэргэжлээр суралцах боломжтой боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Хугацаат цэргийн алба хаагчдад тухайн орон нутагт шаардлагатай мэргэжил эзэмшүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” асуудлыг танилцуулан шийдвэрлүүллээ.

Энэ талаар Батлан хамгаалахын сайд Д.Батлут:

“Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 21 аймаг, 9 дүүрэг дэх нийт 69 политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургууль, бие даасан 400 гаруй сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Хугацаат цэргийн алба хаагчид өөрийн хүсэлтээр эдгээр сургалтын байгууллагуудаар дамжуулан нийгэмд эрэлттэй хүнд машин механизмын оператор, цахилгаанчин, гагнуурчин, засал чимэглэлчин, өрөг угсрагч, оёдол, эсгүүрчин, үсчин зэрэг 10 орчим мэргэжлээр 14 хоногоос 3 сар хүртэлх богино хугацааны сургалтад хамрагдаж, боловсролын гэрчилгээтэй төгсөнө.

Ингэснээр хугацаат цэргийн алба хаагчид алба хаах хугацаанд цэргийн эрдэмд суралцахаас гадна шинэ ур чадвар эзэмшиж, цэргийн албаа хааж дууссаны дараа хөдөлмөрийн зах зээлд шууд оролцох боломжтой болж, ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөрийн чадвартай залуус орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж, дотоодын хөдөлмөрийн хэрэгцээг хангах боломж бүрдлээ” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.