ӨБХ: Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлаас 2 хувийг танаж, эмч нарын цалинг 50 хувиар нэмэх саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гаргасан төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлаас 2 хувийг танаж, эмч нарын цалинг 50 хувиар нэмэх саналыг дэмжлээ. Энэ саналыг Төсвийн байнгын хороо дэмжвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь зарлага 29.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 2.0 их наяд төгрөгийн ашигтай байхаар төлөвлөгдсөнийг танилцуулсан юм. Нийт хөрөнгө оруулалтын 67 хувь буюу 2 их наяд 181.9 тэрбум төгрөгийг үргэлжлэн хэрэгжих төсөл, арга хэмжээнд, 33 хувь буюу 1 их наяд 85.5 тэрбум төгрөгийг шинээр хэрэгжих төсөл, арга хэмжээнд зарцуулна гэв.

Мөн Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын асуусан эмч, багш нарын цалин, ахмад настны тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх болон инфляцын түвшин ямар байх тухай асуултад ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс багш нарын цалинг 20 хувь, долдугаар сарын 01-нээс 10 хувь нэмэгдүүлэхээр, мөн инфляцын түвшинг өнөөгийн бодит хэмжээ буюу 8.0 хувиар тооцсон тухай мэдээлсэн юм.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Д.Ганмаа болон Г.Лувсанжамц нарын 15 гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй нийт 53 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтыг зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр явуулж, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.