“Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнг Швейцарын Цюрих хотноо толилуулж эхэллээ

“Монгол Улс: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Цюрих хотын Ритберг музейд болов. Нээлтэд Монголын талаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Чингис хаан үндэсний музейн Захирал, академич С.Чулуун,  НҮБ-ын Женев дэх төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч бөгөөд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа нар, Швейцарын талаас Цюрих хотын захирагч Корин Маух, Ритберг музейн Захирал Аннетт Багвати нар оролцов.

Тус үзэсгэлэн нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг дуустал Цюрих хотын Ритберг музейд дэлгэгдэх юм. 

Тус үзэсгэлэн Их эзэн Чингис хааны суу алдрыг дэлхийн дахинд түгээх, нүүдлийн иргэншилт Монголчуудын өв соёлыг сурталчлан таниулах, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөв танин мэдүүлэх зорилготой.

“Чингис хаан” үндэсний музей, Хархорум музей ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн хамтран 162 дэсийн 235 үзмэр, эд өлгийн зүйлсээр баяжуулан дэглэсэн эл үзэсгэлэнг 2026 оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэл дэлгэх юм.

Уг үзэсгэлэн Монгол орны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн зэрэгцээ орчин үеийн урлагийг Монголын түүхтэй холбон гаргаж үндсэн гурван хэсгээс бүрджээ. Хүннү гүрнээс Монголын эзэн гүрэн хүртэлх I-XIV зуунд ЕвроАзийн соёл, техник бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг маш сонирхолтой байдлаар дүрслэн үзүүлж байна.

Тус үзэсгэлэнг “Чингис хаан”  үндэсний музейн куратор Л.Есөнтэй, Үзмэрийн бүртгэл хариуцсан бүртгэл мэдээллийн санч С.Буянжаргал нар Монголоос үзмэрүүдийг хариуцан аваачиж Ритбергийн музейд хүлээлгэн өгч, зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган танхимуудад дэглэх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Эх сурвалж: ССАЖЗЯ

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.