Л.Мөнхбаатар: ХЗДХ-ийн сайдын өндөр хариуцлагатай албыг хашиж, үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө

Г.Занданшатарын Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар ажиллаж асан Л.Мөнхбаатар дараах мэдэгдлийг хийлээ.

“Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, улс орны болон хууль зүй, дотоод хэргийн салбарт нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан, бодлогын томоохон чухал асуудлуудыг шийдвэрлэхийн тулд салбарын хамт олныхоо хүчээр богино хугацаанд дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Тухайлбал:

-Эрх зүйн шинэтгэлийн ирэх 10 жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулав.

– Авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх багц хуулиуд, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлын тухай хууль буюу Гэрч хохирогчийг хамгаалах, Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зэрэг чухал хуулиудыг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болгов.

– Оюутолгойн арбитрын маргааны ажлын хэсгийг ахалж, Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, Засгийн газрын байр суурийг хамгаалан ажиллав. Шийдвэр Монгол Улсын талд гарна гэдэгт итгэлтэй байна.

– Баялгийн сангийн орлогыг бүрдүүлэх, иргэдэд тэгш хүртээх зорилгоор стратегийн 16 ордыг хуулийн дагуу олгосон эсэх асуудлыг шалгаж эдгээр ордыг хуулийн дагуу олгосон бол дэмжих, хууль бусаар олгосон бол цуцлах ингэснээр иргэддээ баялгаас хүртэх боломжийг нэмэгдүүлэх зарчмыг барьж ажилласнаар холбогдох санал, дүгнэлтийг боловсруулаад байна.

– Хар тамхитай хийх тэмцлийг эрчимжүүлж, хар тамхитай тэмцэх бие даасан албыг байгууллаа. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэмцэх чиглэлд олон улсын түвшинд хамтарч ажиллахаар болж, Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэргийг бууруулах чиглэлд тодорхой арга хэмжээ авлаа.

– Хууль зүйн, дотоод хэргийн салбарын харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд шинэчлэл хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд цагдаагийн байгууллагад “Процессын дахин инженерчлэл”-ийг хэрэгжүүллээ.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлогын асуудлыг дэмжин ажилласан Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, итгэл хүлээлгэн хамтран ажилласан Ерөнхий сайд болон цаг мөч бүхэнд улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж, иргэдийнхээ эрх, эрх чөлөө, амгалан тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа салбарынхаа нийт ажилтан, алба хаагч, бие бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлье.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын хамт олон та бүхэнд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Б.Энхбаяр танд ажлын амжилт хүсье.

Төрийн алба төвшин байх болтугай” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.