Багш нарын цалингийн асуудлаар лобби бүлэг уулзаж байна. Уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун байр сууриа илэрхийллээ.
“Хүн зөвхөн цалингийн төлөө ажилладаггүй.
Боловсролыг дэмжинэ, хамгаална гэдэг нь багшийг дэмжинэ, хамгаална гэсэн үг юм.
Энэ мэргэжилийн итгэл үнэмшил нь шавь нарынхаа төлөө гэсэн чин сэтгэл дээр тогтдог.
Гэвч өнөөдөр багш нар зөвхөн цалингийн асуудлаар төдийгүй — удаан хугацаанд хуримтлагдсан мөнгөн болон мөнгөн бус олон сөрөг хүчин зүйлсийн дарамтыг илэрхийлэн жагсаж байна гэж харж байна.
Цалингийн шатлал, зэрэглэл хоорондын шилжилт, нэмэгдэл авах шалгуур, ажлын байрны орчин, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн дэмжлэг — бүгд цогцоороо улаан гэрэл ассан асуудал болчихсон.
Гадаадал яадаг гээч?
• Финланд: багш бол нийгмийн итгэлийг хүлээдэг мэргэжил — цалин нь дунджаас өндөр, гэхдээ хамгийн чухал нь ажлын бие даасан байдал, нэр хүндийн баталгаа.
• Сингапур: “CONNECT Plan” гэх хуримтлалын урамшуулалтай тогтолцоо; жил бүр тодорхой мөнгө хуримтлуулж, 3–5 жил тутам багш нартаа буцаан олгодог.
• Өмнөд Солонгос: цалин нэмэхээс гадна багш нарт орон сууц, эрүүл мэндийн даатгал, ажлын нөхцөлийн багц дэмжлэг үзүүлдэг.
• Япон: улирлын бонус систем — дунджаар жилийн хоёр удаа, 2–3 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгодог.
• Канад: багш нарын тэтгэвэр, даатгалыг нэг сүлжээнд нэгтгэсэн “Teacher Pension Plan” нь мэргэжлийн тогтвортой байдлын үндэс болдог.
Эдгээр орны бодлогыг харвал цалинг нэмэх нь зөвхөн эдийн засгийн шийдэл бус, нийгмийн итгэл сэргээх алхам гэдгийг илтгэнэ.
Зөвхөн цалин гэлтгүй ер нь бид цаашдаа юуг анхаарах ёстой вэ?
- Багшийн зэрэглэл хоорондын ялгаа, нэмэгдлийн бодит хэрэгжилт юу болж байна?
- Ажлын байрны соёл, эрүүл мэндийн хамгаалал бодлогоор яаж дэмжигдэж байна вэ?
- Энэ мэргэжлийг залуус дахин сонгох итгэл төрүүлж чадаж байна уу?
- Яам, Засгийн газар энэ бүхнийг “төрийн үйлчилгээний цөм” гэж харж байна уу?
Боловсролыг хамгаалахыг багш гэж харсан бодлого төлөвлөгөө гаргаж дээрх асуудалд хариулсан засгийн газар, яам хэрэгтэй байна” гэв.
