Монгол УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк–Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак тэргүүтэй төлөөлөгчдийг төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны түүхт 102 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, талууд хоёр орны эртний түүхэн, соёлын холбоо, найрсаг харилцааны талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар ярилцав.
Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрөгч сард Монгол Улсад нээгдсэн бага оврын сумны үйлдвэрийн төсөл нь хоёр орны хамтын ажиллагааны үр дүнгийн нэг жишээ болсон бөгөөд уг үйлдвэрийн нээлтэд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр оролцсон билээ. Мөн үеэр 2026 оноос эхлэн батлан хамгаалах салбарт ‘Санхүүгийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх хөтөлбөр’-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд шинэ боломжийг нээж байна” гэж үзэн, талархан хүлээж байгаагаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут онцоллоо.
Бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж Монгол Улстай батлан хамгаалах салбарын техник, технологийн солилцоо, хөгжүүлэлт, боловсон хүчин бэлтгэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлд хамтран ажиллах бүрэн боломж байгааг онцлон тэмдэглэв.



