Ш.Болормаа: 5 хүүхэд минь бүлтийтэл харж байхад өвдөөд байна гээд хэвтэх эрх байхгүй…

Амьдралын олон нугачаанд унаж бүдэрсэн ч хөл дээрээ тэмцэн цааш алхаж буй олон бүсгүйчүүд бий. Тэдний нэг бол Ш.Болормаа. 11 жилийн өмнө ханиа алдаж, 5 хүүхэдтэй өрх толгойлсон ээж болсон тэрээр бөөрний дутагдал гэх оноштой. Гэсэн хэдий ч бүлтийтэл ширтэх 5 хүүхдээ сайхан амьдраасай гэж сайн боловсрол эзэмшүүлэхээр өдөр бүр өвдөлттэйгээ тэмцэн, ОСНААУГ-т машинч хэмээх албыг хашаад 4 жил болж байна.

Төрөөс өгдөг халамжийн мөнгө нэг сарын эм тарианд ч хүрэлцдэггүй, зөв бодлого хэрэгждэггүйн улмаас өөрөө хэчнээн хөдөлмөрлөж, олны дэмээр амьдралаа болгож байгаа ч шантарч сөхрөх үе олон бий гэдгийг нулимс дуслуулан ийн ярилаа.

Намайг Шаарийбуу овогтой Болормаа гэдэг. Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн.  ОСНААУГ-ын баруун түгээх төвд машинч хэмээх ажлыг хийгээд 4 жил болж байна.

Би ханьтайгаа 19 жил ханилсан. Харамсалтай нь 11 жилийн өмнө угаар гэдэг аймшигт зүйлээс болж ханиа алдаад, 5 хүүхэдтэй өрх толгойлсон ээж болж үлдсэн. Том охин минь 2-р курс, бага ихэр хөвгүүд минь ой гарантай байлаа. Эмэгтэй хүн 5 хүүхэдтэй үлдээд төдийгөөс өдий хүрнэ гэдэг амар биш. Дээрээс нь өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Би бөөрний дутагдал гэсэн оноштой л доо.

Том охин минь АШУҮИС-ийг эм зүйч мэргэжлээр төгссөн. Дараагийн хүү минь ОХУ-д нисэхийн инженер мэргэжлээр 5 жил суралцаад төгсөөд ирсэн. Дараах хүү ОХУ-ын Буриадад багшийн коллежид суралцаж байна. Бага ихэр хөвгүүд минь одоо ЕБС-д суралцдаг. Миний сайн гэж юу байх вэ, хүүхдүүдийн минь хичээл зүтгэл юм даа. Сурлага сайтай, өөрсдөө их хичээдэг учраас жаахан дэмжээд өгвөл болчихно. Ээж нь ч хичээсэн, хүүхдүүд минь ч хичээсэн. Яг ганцаараа хийж бүтээсэн зүйл ховор шүү дээ, надад. Найз нөхөд, ах дүү хамаатан садан, ажлын хамт олны буянаар л явж байна. Хүмүүс дэмжээд байхад л ер нь сөхөрчих гээд байна шүү дээ. Заримдаа бас дийлэхгүй үе их байна.

Тавын таван хүүхэд бүлтийтэл хараад зогсож байхад миний бие өвдөөд байна гээд гэртээ хэвтэж чаддаггүй л байхгүй юу. Өвчин намдаах эм тарьж байгаад л босоод ирнэ, ажлаа хийнэ. Сүүлдээ өөртөө тариад сурчихсан. Хүүхдүүдийнхээ төлөө үхтлээ зүтгэнэ. Чадахаасаа чадахгүй хүртэл явж л байна. Ядахдаа хэдэн хүүхдүүдээ хүний гар харуулахгүй, үхсэн хойно минь бага зовоосой л гэж хүсдэг. Өөр сайн сайхан юм бодох ямар ч нөхцөл байхгүй.

Та нарт халамж өгч байна, тэрүүгээрээ амьдар гэдэг. Ний нуугүй хэлэхэд айхавтар муу муухай цол гуншингууд надад байна. Өрх толгойлсон ээж, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй… Яахав би хүний өмнөөс хүүхэд гаргаагүй л дээ. Гэхдээ энэ бүх гуншингаа хэлээд надад түрээслээд өмчлөх орон сууц олгооч ээ гээд 2 жил хөөцөлдсөн, байхгүй. Цаасаар өргөдөл өгөхөөр нэг нь ч авдаггүй. Бид сайтаар өргөдлөө зарлана тэр үед өгөөрэй гэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан орон сууц гэдэг юм огт байхгүй.

Халамж өгч байна л гэдэг. Гэтэл надад олгогддог группийн 650 мянган төгрөг миний нэг сарын эмчилгээнд хүрдэггүй. Би байнгын хордлого тайлах эмчилгээ хийлгэдэг. Заримдаа бүр хийлгэж чадахгүй эмээ хагас дутуу л авч ууж байна. Хордлого ихсээд эмнэлэгт очихоор эмч нар маань тэр дор нь гал унтраах маягаар эмчилгээ хийгээд өгдөг. Таныг үнэхээр хэвтүүлж дийлэхгүй нь ээ, танаас долоон дор маш их хүнд хүмүүс байна. Хүнд хүмүүсээ авъя гэдэг. Бид нар дараа дараагийн эмчилгээгээ гэртээ хийдэг.

Төр бидэнд халамж өгөөд байгаа биз дээ гэдэг. Тэгвэл эмнэлгээ очоод үзээч ээ, бидний хэрэглэж байгаа эм ямар үнэтэй байна вэ хараач ээ. Би сард 1,6 сая төгрөгийн эм авч уудаг. Гэтэл миний үндсэн цалин 1,3 сая төгрөг. Хөөрхий сайн хэл, муу хэл ББСБ-ууд чинь тулсан газар зээл олгоод, тэр мөнгөөр эм тариагаа авч байна. Тэгэхэд хэрэглээгээ зохицуулж чадахгүй байна, зээл авчихсан байх юм гээд байдаг. Бидний дотор орж ирээд амьдраад үзээч л гэж хэлмээр байдаг. Үүнээс илүү яаж хичээх вэ…

Энэ мэдээг хуваалцах :

One thought on “Ш.Болормаа: 5 хүүхэд минь бүлтийтэл харж байхад өвдөөд байна гээд хэвтэх эрх байхгүй…

  1. Hello there! I could have sworn I’ve been to this site before but
    after reading through some of the post I realized it’s new to me.
    Nonetheless, I’m definitely glad I found it and I’ll be book-marking and checking back often!

    Also visit my web-site … data sydney live 2025

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.