Ч.Одончимэг: Архангайн хүүхдүүдийг хөл бөмбөгөөр дэлхийн түвшинд хүргэхээр 25 жилийн дараа эх орондоо ирсэн

АНУ-д 25 жил ажиллаж амьдарч байгаад эх орноо, төрсөн нутгаа гэсэн халуун сэтгэлээр Монголдоо ирээд буй нэгэн гайхалтай бүсгүйн түүхийг хуваалцаж байна. Түүний нөхөр Mark Guercio “Чи миний төлөө 25 жил АНУ-д амьдарсан юм чинь би чиний төлөө 25 жил Монголд амьдаръя” гэсэн амлалт өгч, Тамирын голын эрэг дээр амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлээд байгаа юм. Тэдний хамгийн том зорилго бол Архангай аймгийн хүүхдүүдийг хөл бөмбөгөөр дэлхийн түвшинд хүргэх юм.

Ч.Одончимэг: Намайг Чимэддамбын Одончимэг гэдэг. Аав минь Архангайн аймгийн Тариат сумынх, ээж минь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул. Би МУИС-ийн гадаад хэлний ангийг төгсөөд Булган аймагт очиж дадлагаар ажилласан. Харин миний нөхөр Марк Энхтайвны корпусын шугамаар Булган аймгийн боловсролын төвд ажиллаж байсан.

Аав ээж минь байрныхаа гадаа ТҮЦ ажиллуулдаг байсан юм. Би хааяа ТҮЦ-нд сууна. Тэр үед Марк байнга пепси, сникерс хоёр авдаг байсан. Тэгж анх танилцсан.

25 жилийн өмнө Марк надад гэрлэх санал тавьсан юм. Тэр үед би Маркад намайг хайрлаж чадах юм бол чамтай хамт явъя гээд АНУ-ыг зорьсон. Би өөрийгөө “жинхэнэ” Монгол хүн гэдгээ АНУ-д очоод мэдэрсэн л дээ. Монголдоо ирэх хүсэл их байсан. Харин Марк “Чи миний төлөө 25 жил энд амьдарсан юм чинь би чиний төлөө 25 жил Монголдоо очъё” гэсэн. АНУ-д бид хоёрт бүх юм байгаа. Гэхдээ миний зүрх сэтгэл, миний цус нааш нь дуудсан.

Марк хэл уран зохиолын багшаар ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан. Мөн 40 гаруй жил хөлбөмбөгийн дасгалжуулагчаар ажилласан бөгөөд Монголд ирж дээд лигийн Гоёо багийг дасгалжуулж байсан.

Mark Guercio: Намайг Mark Guercio гэдэг. Би АНУ-ын Хойд Каролина мужид төрсөн. Анх 1998 онд Монголд ирж байсан.  Монголын нам гүм, тайван орчинд дуртайгаас гадна цэнгэг агаар амьсгалах хамгийн сайхан. Хүүхдүүдтэй хамт байх үнэхээр сэтгэл хөдөлгөм, сайхан байна.

Монгол хүүхдүүд америк хүүхдүүдийг бодвол спортод илүү их хайртай, чин сэтгэлээсээ ханддаг нь мэдрэгддэг. Америкт ихэвчлэн хүүхдүүдийг гэрээс нь гаргах гэж, эцэг эхийн шахалтаар спортоор хичээллүүлдэг  бол энд  хүүхдүүд хөлбөмбөгийн талбайгаасаа гарах их дургүй. Тэд үргэлж хөл бөмбөгөө тоглож бэлтгэл хийхийг хүсдэг. Тоглолтоо үргэлжлүүлмээр байна гээд л. Тэдний инээмсэглэл, өсөж хөгжиж буйг, хөл бөмбөгийн жижиг техник, нарийн зүйлсийг ойлгож эхэлж байгааг нь харах бидэнд хамгийн их баяр баяслыг авчирдаг.

Ч.Одончимэг: Хамгийн том зорилго бол бид хоёр Архангайнхаа хүүхдүүдийг мэргэжлийн хөлбөмбөгийн дэлхийн түвшинд хүргэх. Монголын биш бүр дэлхийн түвшинд.

Би АНУ-д 3 хүү өсгөсөн. Том хүү минь хөл бөмбөгийн Гоёо багт тоглож байсан. Бага нь мөн хөл бөмбөгийн чиглэлээр их сургуульд ороод 2-р курст суралцдаг. Монголд ирээд ийм олон хүүхдүүдтэй болсон гээд 3 хүүдээ зургийг нь явуулахаар тэд бөөн баяр болдог.

Бид хоёр 6-р сарын 18-нд ирээд 6 хоног бэлтгэл хийсний дараа хүүхдүүдээ хот руу тэмцээнд авч явах уу, үгүй юу гэж их эргэлзсэн л дээ.  Энэ хэддээ улсын тэмцээн ямар байдаг, тэмцээний талбайн хэмжээ ямар байдгийг харуулъя, зүгээр л хоёулаа аваад явчихъя гэж зүтгэсээр байгаад явсан. Бид нар хожно гэж биш хожигдоно гэж явж байгаа. Гэхдээ та нарт улсын тэмцээн ямар болдгийг үзүүлэх гэж л авч явж байгаа гээд тэднийхээ сэтгэл зүйг нь сайн бэлдээд явсан. Тэмцээндээ 22-0 -оор хожигдсон. Гэхдээ хүүхдүүд маань шантраагүй, ёстой мундаг. Хожигдсон юм чинь бэлтгэлээ сайн хийнэ гээд өдөр шөнөгүй бэлтгэлээ хийнэ. 21 хоногийн турш өдөрт 4 цаг бэлтгэл хийсэн. Хүүхдүүд өөрсдөө үлдэж бэлтгэл хийгээд, стадионоо түгжээд явчихсан байхад хашаа давж орж ирээд бэлтгэлээ хийгээд байсан. 21 хоногийн дараа тэмцээндээ явахад маш том өөрчлөлт гарсан. 22-0-оор хожигдож байсан бол 4-0-оор хожигдсон. Бусад хүүхдүүд хожигдчихсон гээд л уурлаад уйлж байхад манай хүүхдүүд баярлаад байгаа юм чинь. 2 дахь тэмцээндээ бүр нэг гоол оруулсан \инээв\.  8-1 харьцаатайгаар анх удаа Архангайн баг нэг гоол оруулсан.

Хамгийн гайхалтай нь манай дугуйланд малчин хүүхэд явдаг. Морио унаад бэлтгэлдээ ирдэг. Тэр бол ёстой гайхамшигтай. Заримдаа над руу чатаар “Багш аа, энэ удаа бэлтгэлдээ очиж чадахгүй нь ээ. Би адуугаа харах ёстой, аав ээж байхгүй байгаа” гээд бичдэг. Тэгэхээр нь бүр хайр хүрч байгаа юм. Хүүхдүүдээ хараад би заримдаа уйлчихна, үнэхээр хөөрхөн.

Сурагч: Хөл бөмбөгийг охидууд нэг их сонирхдоггүй байхгүй юу. Ер нь бол хөвгүүд их сонирхоод, медаль аваад байхаар нь атаархаад хөл бөмбөгт орчихсон. Марк багш хааяа Монголоор ярихаар бид Монголоор яриад, англиар ярихаар нь мэддэг үгээрээ ярьдаг. Хамгийн эхний медаль чинь хүрэл, эцсийн медаль чинь цом байх болно гэж багш хэлсэн.

Mark Guercio: Миний хамгийн том зорилго бол эдгээр хүүхдүүдэд хөл бөмбөгийг зөвхөн санхүүгийн хувьд амьдралаа дээшлүүлэх хэрэгсэл төдийгөөр биш амьдралынхаа чанарыг сайжруулах, бие биетэйгээ зөв харилцах, багийн ажиллагаа, удирдах чадварыг хөгжүүлэх арга зам гэдгийг ойлгуулах юм. Улаанбаатарт мэргэжлийн лиг байдаг тул тэд мэргэжлийн тоглогч болох боломж бий. Гэхдээ хамгийн гол нь тэднийг хүнлэг, харилцааны ур чадвартай хүн болгож төлөвшүүлэхэд спорт тус болох ёстой гэж боддог.

Ч.Одончимэг: Мэдээж 25 жилийн дараа орчин, бүх зүйл солигдож байгаа. Гэхдээ эх орон гэдэг зүрх сэтгэл, миний монгол гэдэг цус судсаар минь гүйж байгаа учраас үнэхээр сайхан байна. Олон монголчууд минь ирж эх орноо хөгжүүлээсэй. Хамтраад, нэгдээд явах юм бол олон боломжууд байна. Бүү шантраарай гэж гадаадад байгаа Монголчууддаа захимаар байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.