Өнөөдөр ХЗБХ, ТББХ, УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн цэц УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн асуудлыг хэлэлцэх юм.
Энэ асуудал дээр УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн М.Энхцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал,
“2025 оны 10 сарын 16-ны өдөр засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэх ёстой байв.
Гэтэл УИХ ирцээ бүрдүүлж чадахгүй, хуралдаж чадахгүй, барьцаалагдсан, гацаанд орсон байдалтай, бүхэл бүтэн 24 цаг болов.
Шалтгаан нь юу ч байж болно. Гэхдээ та бүхэн бод доо. Бүхэл бүтэн Монгол улсын төрийг удирдаж байгаа дээд байгууллага УИХ нь барьцаалагдсан, гацаанд орсон байдалтай бүхэл бүтэн 24 цаг болсон үйл явдал түүхэнд тохиолоо шүү дээ.
Энэ бол Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал ямар эрсдэлтэй байдалд байгааг харуулсан үйл явдал. Энэ бол жинхэнэ төрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдсон үйл явдал.
Гэтэл УИХ-ыг хуралдах боломжийг хангахын төлөө, барьцаалагдсан байсан УИХ-ыг барьцаанаас гаргахын төлөө УИХ-ын дэд дарга Булгантуяа өдөр, шөнөгүй тасралтгүй 24 цаг ажилласан.
Ингээд 2025 оны 10 сарын 17-ний өдөр УИХ гацаанаас гарч, 97-р тогтоолыг баталж, засгийн газрыг огцруулсан.
Гэтэл УИХ нь биднийг үндсэн хуулийн бус аргаар огцруулчихлаа гэж ЗГ нь Цэцэд гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл Засгийн Газар, УИХ хоорондоо маргалдсан.
Цэц маргааныг ЗГ талд шийдэж, УИХ-ын 95-р тогтоолыг хүчингүй болгож, ЗГ үргэлжлүүлэн ажиллаж байна. Маргаанд УИХ ялагдаж, ЗГ ялснаар үйл явдал дууссан.
Гэтэл ЗГ-ын сэтгэл нь ханасангүй, ЗГ-ын огцруулах хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа даргыг шийтгүүлж байж санаа амарна гээд Цэцэд Х.Булгантуяаг давхар өгөв.
Цэц, өө таны гомдсон зөв байна гээд ардчилал, хүний эрхийн наад захын шаардлагыг ч хангахгүй, өмгөөлөгч ч авах боломжоор ч хангахгүй хурдан шуурхай ажиллаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргав аа.
За нэгэнт Цэц УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн учраас УИХ-ын даргаас нь огцруулж, хариуцлага хүлээлгэе гэсэн шийдвэрийг МАН гаргав аа.
Тэгсэн байдаггүй ээ, хүний эрх, ардчилал, парламентын засаглал ярьдаг АН-ын зарим гишүүд нэг зөрчил дээр нэг л хариуцлага хүлээдэг хуулийн суурь зарчмаа ч ойлгохгүй, Х.Булгантуяаг гишүүнээс нь татах ёстой, за 37 оны жишгээр бол бараг л буудан хороох ёстой гээд чарлаад эхлэв ээ.
Бид Х.Булгантуяаг гишүүнээс нь татаж, дахин дахин хохироож болохгүй.
Эрхэм УИХ-ын гишүүдийг хүний эрх, эрх чөлөө, ардчилал, парламентын хараат бус байдал, үндсэн хуулийн суурь зарчмыг хамгаалах талд зогсоно гэдэгт итгэж байна” гэв.
