Хуульд зааснаар УИХ Монгол Улсын 2026 оны төсвийн хууль болоод хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах учиртай.
Засгийн газар УИХ-д Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 31.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30.9 хувь, нийт зарлагын хэмжээг 33 их наяд төгрөг буюу 32.2 хувь, төсвийн суурь тэнцлийг 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх алдагдалтай байхаар төлөвлөсөн. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны төсөв дээр ажиллаж 1 их наяд 150 тэрбум төгрөгөөр зардлыг бууруулсан.
Энэ удаагийн төсөв дээр УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд “Засгийн газар танхимаа авч үлдэхийн тулд Ардчилсан намынхныг 2026 оны төсвөөр авлигадсан” гэдэг асуудал хөндөгдөөд байна.
Тухайлбал, “Төсвийн төсөлд таналт хийх нэрийдлээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийг, тоног төхөөрөмж хассан ч буцаад 363 тэрбум төгрөгийн өртөгтэй өөр барилга, байгууламжийг нэмэгдүүлж оруулж ирсэн байна” гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дараах санал дүгнэлтийг гаргажээ.
Төсвийн байнгын хорооны төсвийн гурав дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудаар 23 үйл ажиллагааны урсгал зардaл 988,590.8 сая төгрөгөөр буурч, 15 үйл ажиллагааны урсгал зардал 953,608.1 сая
төгрөгөөр нэмэгдэхээр байгаа нь урсгал зардлын 3.88 хувьтай тэнцэж байна.
Давхардсан 230 арга хэмжээг төсвийн төслөөс хасах болон төсөвт өртөг, 2026 онд санхүүжих дүнг нь бууруулах замаар зохицуулалт хийгдсэн байна.
Үүний нөгөө талд 144 арга хэмжээг нэмж зардлыг өсгөхдөө 138 арга хэмжээг шинээр нэмж, 6 арга хэмжээний зардлыг нэмэгдүүлсэн нь хассан арга хэмжээнүүдийн 2026 онд санхүүжих дүнгээс 33,262.3 сая төгрөгөөр илүү байна.
Түүнчлэн хөрөнгийн зардлыг нэмэгдүүлсэн дүнд хамаарах хөрөнгө оруулалтын төсөвт өртөг нь бууруулсан хөрөнгийн зардлаас 1,490.0 тэрбум төгрөгөөр их байгаа нь дунд хугацаанд төсвийн хөрөнгийн зардалд нөлөөлөх өөрчлөлт болсон байна.

Түүнчлэн тоног төхөөрөмжийг зардлыг жигдхэн 50 хувь хасах бодлого баримталж байгаа боловч шинээр тоног төхөөрөмж авах саналууд дэмжигдсэн нь бодлого тууштай биш байгааг харуулж байна.
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж буй жилийн төсвийн
төсөл нь УИХ-ын Байнгын хороод болон чуулганаар хэлэлцэгдэх шатанд байнга
өөрчлөгдөж ирсэн нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал мөн боловч тооцоо,
судалгаагүй, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь тодорхойгүй хөрөнгийн
болон урсгал зардлууд нэмэгдэх, хасагдах, эцсийн дүндээ улсын хөгжлийн бодлого
төлөвлөлт болон макро эдийн засгийн бодлогын уялдааг алдагдуулахад хүргэж
байна. Иймд Засгийн газар, Сангийн яамны түвшинд төсвийн төлөвлөлтийг, УИХ
ын түвшинд төсвийн төслийг хэлэлцүүлэхэд баримтлах зарчмаа сайжруулах
шаардлагатай байна ” гэв.
