2026 онд боловсролын салбарт ямар хөрөнгө оруулалтууд тусгасан, мөн багшийн хомсдолыг хэрхэн арилгах талаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаас тодрууллаа.
“Улсын хэмжээнд 2026 онд 76 сургууль, 53 цэцэрлэг, 32 дотуур байр, спорт зал барихаар төлөвлөсөн. Гэхдээ үүнд 3 шинэ цэцэрлэг, 2 сургууль л байгаа юм. Өмнөх онуудад дуусгаагүй сургууль, цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа.
2026 оныг боловсролын жил болгосных хүртээмжийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 2028 он хүртэлх хугацаанд 108 сургууль, 95 цэцэрлэгийг шинээр барих ёстой. Үүний 41 төсөл арга хэмжээ буюу 32 сургууль, 9 цэцэрлэгийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барихаар тусгасан байгаа. Ингэснээр нэг ангид сурах сурагчдыг 40-өөс доош болгох, цэцэрлэгийн нэг орон дээр 2-3 хүүхэд байгааг 1.5 болгох гэсэн нормыг хангана.
Мэдээж багш нарын хомстол бол боловсролын салбарын тулгамдсан асуудал. Өнгөрсөн жил 4200, энэ 3500 багш дутагдалтай байна. Ахиад шинээр сургуулиуд барих учир мөн л багшийн хомсдол нэмэгдэнэ. Тооцоо хийгээд үзэхэд ахиад 15 мянган багш буюу одоо дутагдаж байгаатай нийлээд 20 гаруй мянган багш дутагдаж байна. Үүн дээр дорвитой бодлого гаргах ёстой.

Өнөөдөр бид багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын төлбөр хөнгөлж байгаа бол чанарыг нь сайжруулах дээр анхаарч, ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан бол цалинтай оюутан болгох бодлого барих ёстой. Нөгөө талаас, хөнгөлөлттэйгөөр сурч, тэтгэлэг авсан бол төгсөөд ажлын байран дээр 5 жил тогтвортой ажилласны дараа карьерыг нь төлөвлөж өгөх ёстой. Гадны оронд магистрт суралцах боломжийг хангах, Ерөнхийлөгчийн илгээлт тэтгэлэг ч мөн энэ рүү чиглэх ёстой гэж боддог. Ирснийхээ дараа ахиад 5 жил ажиллаж байж гадаадад сурсан сургалтын төлбөр нь хөнгөлөгдөнө гэвэл сайн чанартай төгсөгчид багш болж, тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ.
Мөн хөдөлмөрийн зах зээл дээр багш мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүмүүсийг эргүүлэн татах санхүүгийн хөшүүрэг тодорхой хэмжээнд хэрэглэх ёстой. Багш нарын ипотекийн зээлийг дараалалгүй олгох зэрэг дээр маш тодорхой бодлогуудыг гаргах нь зөв. Орон нутаг, дүүрэгтээ ажиллах шинэ багш нарыг энэ зээлд хамруулах хэрэгтэй.
Энэ мэт багш нарын чанарыг сайжруулах 4 чиглэлийн ажлуудыг төсөвлөөд үзэхэд жилд 50 тэрбум төгрөгийг зарцуулах тооцоо гаргасан. Ажлын байрны ачаалал өндөр, нөгөө талаас багш – сурагч хоорондын харилцаа, багш – эцэг эх хоорондын харилцааны асуудлууд зэргээс багш нар ажлаасаа гарч байгаа. Мөн сургуулиудын бие даасан байдлыг хангаж, менежментийг сайжруулахад анхаарах ёстой” гэв.
