О.Номинчимэг: 10 настай хүүхдээс эхлээд электрон тамхи татсаар энэ асуудал тахлын хэмжээнд очоод байна

УИХ-ын гишүүн О.Номинчимэгээс түүний боловсруулж буй Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар тодрууллаа.

“Энэ хуулийн гол зорилго бол хүүхэд, өсвөр үеийнхнийхээ тамхидалтыг бууруулах юм. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн хамгийн гол асуудал. Манай улсын хүн амын эрүүл мэнд муудах, нас баралт ихсэх, амьдралын чанар доройтож байгаа хамгийн том хоёр хүчин зүйл бол архидалт, тамхидалт юм. Олон улсын судалгаагаар насанд хүрээд тамхи татаж байгаа хүмүүсийн 90 хувь нь 18 насанд хүрэхээсээ өмнө, 99 хувь нь 25-26 нас хүрэхээсээ өмнө тамхи татаж эхэлсэн байна.

Амьдралын чанарыг сайжруулж, эрүүл иргэнтэй болъё гэвэл хүүхэд, өсвөр үеийнхэн рүүгээ анхаарахаас өөр аргагаүй. Энэ үеэ тамхидалтаас хамгаалах нь нийгмийн эрүүл мэндийн салбарт төрийн хэрэгжүүлэх хамгийн том үүрэг болчхоод байгаа юм. Нийгмийн эрүүл мэнд хэсэг бүлэг хүмүүсийн бизнесийн эрх ашгаас дээгүүр тавигдах ёстой. Бид үүнд анхаарахгүй бол 10 настай балчраас эхлээд дунд, ахлах ангийн сурагчид электрон тамхи амандаа зууж, бие биедээ дамжуулсаар энэ нь өөрөө тахлын хэмжээнд очиж, нийгмийн эрүүл мэндийн маш том сөрөг нөлөө 5-10 жилийн дараа гарах гэж байна шүү гэсэн дохиог өгч байна.

Үүнийг би боловсруулаад, УИХ-ын 78 гишүүд дэмжээд боловсруулаад ирсэн асуудал гэхээсээ илүү үр хүүхдэдээ санаа зовж буй эцэг эхчүүд, багш нар, эмч нарын нийгмийн захиалга гэж харах хэрэгтэй.

ЭМЯ-наас ДЭМБ-тай хамтраад тамхины хяналтын суурь конвенцын хэрэгжилтийн хүрээнд 4 жил тутам өсвөр үеийнхний тамхидалтын судалгаа хийдэг. Энэ судалгаанд 13-17 насныхныг хамруулдаг. 2023 оны судалгаагаар 13-17 насны 4 хүүхэд тутмын нэг нь электрон тамхины хэрэглэгч, 5 хүүхэд тутмын нэг нь янжуур тамхины хэрэглэгч болчихсон байгаа. 2026 онд энэ судалгааг ахиад хийх бөгөөд электрон тамхины хэрэглээ 33 хувиар өссөн байна гэсэн судалгааны эхний дүнгүүд гарч байгаа. Эцэг эхчүүд, багш нартай ярихад 10 настай хүүхдийн пиналаас электрон тамхи олдож байна гэсэн асуудлыг ярьж байна.

Африкийн 10 орчим улс, Латин Америкийн 9 улс, Монголоос бусад дэлхийн бүх орнууд электрон тамхинд хуулийн зохицуулалт хийгээд явж байгаа. Монголд л Номинчимэг гэдэг хүн ийм юм хийх гээд байгаа биш олон улсын сайн туршлагийг судалж байна. Олон төрлийн амттай учраас хүүхэд амтнаас нь болж хортой гэдэг мэдрэмж төрөхгүй байна. Зохицуулалтгүй учир хаана ч, хэн ч хамаагүй зарж, цахим орчинд ч хэн дуртай нь сурталчилж байгаа энэ асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай байна” гэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.