Б.Батцэцэг: Монгол, Италийн “Стратегийн түншлэл” эв найрамдал, хөгжил дэвшлийг цогцлоох болтугай

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөлөө. Энэхүү түүхэн айлчлалын үр дүнд Монгол, Италийн харилцаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын өргөн хүрээнд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн шинэ үе эхэллээ.

Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла Монгол Улсын Ерөнхийлөгчийг халуун дотноор хүлээн авч, хамтын ажиллагааг олон салбарт гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэхийн ялдамд ирэх онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээ нотоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхав. Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донгиутай уулзаж, манай улс санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан “Бэлчээр нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн нээлтэд оролцов.

Айлчлалын хүрээнд боловсрол, шинжлэх ухаан, соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл болон орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичгүүдийг байгууллаа.

Ром хотноо зохион байгуулагдсан Монгол, Италийн бизнес форум эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болов. Морин хуурын найрал уран бүтээлээ толилуулж, хоёр орны ард түмний соёл, сэтгэлгээний холбоо, ойлголцлыг бататган гүнзгийрүүлэв.

Монгол, Италийн “Стратегийн түншлэл” харилцан ашигтай хамтын ажиллагааг салбар бүрд бэхжүүлж, ирээдүйн хөгжил, тогтвортой өсөлтөд түлхэц болж, ард түмний сайн сайхан, эв найрамдал, хөгжил дэвшлийг цогцлоох болтугай.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.