Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн баяр наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр баяр наадмын нээлт, хаалт болон хурдан морины уралдааныг нэгдсэн сигналын систем ашиглан бүх телевизээр шууд дамжуулах боломжийг бүрдүүлэх, нээлтийн найруулагчийг эрт сонгон шалгаруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь эхлүүлэхийг үүрэг болгожээ. 2026 оны зургаадугаар сарын 20-23-нд “Морьтны жагсаал”-ыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Нэтфликс”-ийнхэн баримтат киноны зураг авах аж. Энэхүү жагсаалд 56 орны төлөөлөл оролцохоо мэдэгджээ.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас долоодугаар сарын 11-нийг “Адууны өдөр” болгон тэмдэглэхийг уриалсантай холбогдуулан адууны соёл, уламжлалыг наадмын нээлт, хаалт болон орон нутгийн баяр наадмуудад өргөн сурталчлах төлөвлөгөө боловсруулахыг Шадар сайд салбар хороодод даалгажээ.
Үүнээс гадна 2025 оны үндэсний баяр наадмаар цолны болзол хангасан уяач, харваачдын судалгаа болон 2026 оны баяр наадмын төсөв, төлөвлөгөөг боловсруулж, журмын өөрчлөлтийн төслийг ирэх сард багтаан танилцуулахаар боллоо. Мөн баяр наадмыг угтсан наадмын нээлт, хаалтын тоглолт анхаарал татдаг. Мөн энэ тоглолтын найруулагчийг тусгай шалгаруулалтын журмаар сонгодог. Ирэх жилийн наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг 2026 оны хоёрдугаар сарын 20-ны дотор сонгон шалгаруулах чиглэл өгчээ. Түүнчлэн гадаад оронд амьдарч буй монгол иргэдийн санаачилгаар зохион байгуулдаг баяр наадмуудыг бодлогын түвшинд дэмжих саналыг танилцуулахыг үүрэг болгосон байна.
