С.Наранцогт: Төв банкийг “Хар хайрцаг”-ны зарчмаар ажилладаг биш, нээлттэй ажилладаг “Шилэн банк” болгоно

УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчид Санжаагийн Наранцогтыг нэр дэвшүүлсэн. Өнөөдөр Их хурал Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалын нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж байна. 

С.Наранцогт нь 1973 онд Дундговь аймгийн Мандалговьд төрсөн. 1990-1994 онд МУИС, Физик математикийн сургууль бакалавр, 1999-2001 онд МУИС, Физик математикийн сургууль, магистр, 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний Их Сургууль, доктор /Ph.D/ хамгаалжээ.

С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгч болбол дараах бодлогын арга хэмжээг авч ажиллана гэжээ.

 НЭГ. НЭР ДЭВШИХ ҮНДЭСЛЭЛ: “ГУРВАН ТУЛГУУРТ” ТУРШЛАГА

Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хамгаалах нь зөвхөн мөнгөний бодлогын хэрэгслээр хязгаарлагддаггүй, энэ нь төсөв, бодит сектор, банкны салбарын уялдаан дээр тогтдог цогц процесс юм. Миний бие энэхүү цогц процессыг бүх түвшинд удирдаж ирсэн “Гурван тулгуурт” туршлагадаа үндэслэн энэхүү хариуцлагатай албанд нэр дэвшиж байна. Энэхүү туршлага нь надад аливаа асуудлыг нэг өнцгөөс биш,Макро эдийн засагч – Санхүүч – Менежер гэсэн цогц өнцгөөс харж, оновчтой шийдвэр гаргах боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна.

1. Макро бодлого ба Валютын нөөцийн удирдлага (ЭЗХЯ-ны Дэд сайдын туршлага):’Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл’-ийг макро эдийн засгийн тооцоололд тулгуурлан боловсруулахдаа, салбар хоорондын бодлогын нийцлийг хангах чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, төрөлжилтийг дэмжих замаар макро тэнцвэрийг урт хугацаанд хадгалах, гадаад шоконд тэсвэртэй эдийн засгийн дархлааг бий болгох стратеги боловсруулах ажлыг эхлүүлсэн.Улс орны валютын нөөц эрс багасаж, эдийн засаг дефолтын ирмэгт тулсан 2022 оны эгзэгтэй цаг үед Засгийн газрын 362-р тогтоолыг санаачлан батлуулж, хэрэгжилтийг гардан зохион байгуулсан. Энэхүү шийдвэр нь тухайн үедээ валютын нөөцийг хамгаалж үлдсэн чухал ‘авралын гарц’, “цагаа олсон шийдэл”  болсныг тэмдэглэх нь зүйтэй. Улмаар  хямралыг даван туулах явц надад валютын урсгалыг зөвхөн онолоор бус, уул уурхай, экспортын бодит үйл ажиллагааны ‘гал тогоонд’ нь ажиллаж, асуудлыг дотроос нь, прагматик аргаар шийдвэрлэх туршлагыг суулгасан.

2. Төсвийн сахилга бат ба Санхүүгийн удирдлага (Сангийн яам/Төрийн сангийн туршлага):Сангийн яамны мэргэжилтнээс эхлэн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, улсын төсвийн төлөвлөлтөөс гүйцэтгэл, тайлагнал хүртэлх бүхий л процессыг гардан удирдсан туршлага маань надад давуу талыг олгоно. Төсвийн “дотоод механизм”-ыг мэддэг хүний хувьд би юу нь төсөвт байх ёстой, юу нь Төв банкинд огт хамаарахгүй вэ гэдэг зааг ялгааг тогтоож чадна. Энэ бол Төв банкийг төсвийн шинжтэй (quasi-fiscal) ачааллаас тусгаарлаж, институцийн дархлааг нь хамгаалах миний гол стратеги байх болно. Түүнчлэн салбарын яамдуудад ажиллахдаа салбаруудын бодит асуудлуудтай нүүр тулж ажилласан бодит туршлага маань Төсөв, Мөнгөний бодлогын зохистой уялдааг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Би төсвийн нөөц боломж, хязгаарлалтыг нарийн мэддэг тул Засгийн газартай мэргэжлийн түвшинд ойлголцож, Төв банк руу ирэх төсвийн дарамтыг шүүлтүүрдэх, төсвийн шинжтэй үйл ажиллагааг банкнаас салгах реформыг цаг алдалгүй хэрэгжүүлж, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд бодлого, механизмын дэмжлэг үзүүлж ажиллах чадварыг эзэмшсэн.

3.  Банкны засаглал ба Эрсдэлийн удирдлага (Хөгжлийн банк/Төрийн банкны ТУЗ-ийн туршлага):Банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж, чанаргүй зээлийг шийдвэрлэх, олон улсын аудитыг нэвтрүүлэх ажилд гар бие оролцож хийсэн. Энэ нь арилжааны банкнуудын эрсдэлийг бодитоор үнэлэх, салбарыг эрүүлжүүлэх шийдвэр гаргах туршлага болно.

ХОЁР. БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ, ТОГТВОРЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР

Миний хөтөлбөрийн үндсэн философи бол Монголбанкийг Субьектив шийдвэрээс Дүрэмд суурилсан (Rule-based) шийдвэр рүү, Мөнгө хэвлэгчээс Төгрөгийн үнэ цэнийг хамгаалагч руу шилжүүлэх явдал юм. Ингэснээр Монгол банк орчин үеийн мэргэжлийн, судалгаанд суурилсан, хараат бус, дижитал эрин үеийн Төв банк болж чадна. Энэхүү хөтөлбөр нь Төв банкийг эдийн засгийн хөгжлийн “хариуцлагатай, ил тод түнш” болгоход чиглэнэ.

I. БОДЛОГЫН АЛДААНЫ ОНОШИЛГОО

Одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, засаж залруулах шаардлагатай 4 үндсэн гажуудлыг тодорхойлов:

1.  Инфляцийг хэт хөөрөгдсөн үйл ажиллагаа: Төв банк ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр зэргийг санхүүжүүлэхдээ тэнцвэртэй байдлыг алдагдуулсан, нээлттэй зах зээлийн үйл ажиллагаандаа “субьектив” хандлага гаргаснаар мөнгөний нийлүүлэлтийг хиймлээр өсгөсөн. Энэ нь Төв банкны алдагдлыг нэмэгдүүлж, хараат бус байдлыг сулруулж байна.

2.  Валютын нөөцийн үр ашиггүй удирдлага: Экспортын “цонх үе”-ийг ашиглан нөөцөө хангалттай бүрдүүлж чадахгүй байна. Уул уурхайн орлогыг худалдан авахдаа зах зээлд нийлүүлсэн төгрөгөө буцааж татах (ариутгах) үйл ажиллагаа дутмаг байгаа нь инфляцыг өдөөж байна.

3.  Ханшийн бодлогын тодорхойгүй байдал: Интервенцийг хэзээ, ямар зарчмаар хийж байгаа нь ойлгомжгүй, дүрэмгүй (no rule-based) байгаагаас нөөцийг үр ашиггүй зарцуулж, зах зээлд эргэлзээ төрүүлж байна.

4.   Бодлогын вакумжсан байдал: Хараат бус байдал нэрийн дор Засгийн газрын бодлогоос хэт тасархай ажиллаж, төсөв болон мөнгөний бодлогын харилцан уялдаа алдагдсан. Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, ирээдүйн валютын орлогоо бий болгох үүргээ хэрэгжүүлээгүй, стратегиа тодорхойлж чадаагүй.

II. ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

А. Богино хугацааны арга хэмжээ (Яаралтай засах)

1. Нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг “Тэгш боломж – Зах зээлийн зарчим”-д шилжүүлэх

  • “Үзэмжээр хуваарилах” аргыг зогсоох: Репо санхүүжилт болон бусад хэрэгслийг аль нэг банк, эсвэл салбарт зориулан тусгайлан хуваарилдаг, “субьектив” шийдвэр гаргалтыг бүрэн халж, оролцогч бүх банкинд тэгш, шударга боломж олгох зарчимд шилжинэ.
  • Зах зээлийн зарчим: Төв банкнаас гарах мөнгө бүр нээлттэй дуудлага худалдаагаар (Auction), бүх банкинд ижил тэгш нөхцөлөөр олдох ёстой. Энэ нь банк хоорондын шударга өрсөлдөөнийг сэргээж, санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх суурь алхам болно.

 2.   Валютын нөөцөө хамгаалах

  • Интервенцийг “Дүрэмтэй” болгох: Сүүлийн саруудад (10-р сараас хойш) Төв банк валютын хүсэлтийг 100% биелүүлэх замаар ханшийг “хиймлээр” чангаруулах оролдлого хийж байгаа нь нөөцийг шавхах өндөр эрсдэлтэй алхам юм. Энэ бодлогыг зогсоож, интервенцийг зөвхөн огцом савалгааг зөөлрүүлэх зорилгоор хийх “дүрэмд суурилсан” зарчимд шилжинэ. Интервенц хийх тодорхой нөхцөлүүдийг (жишээ нь: ханшийн өдөр тутмын савалгаа 0.5%-иас хэтэрсэн үед г.м) олон нийтэд ил тод зарлаж мөрдөнө.
  • Зах зээлийг сөрөхгүй байх: Ханшийг хүчээр барих бус, зөвхөн огцом савалгааг зөөлрүүлэх зарчмыг хатуу баримтална.
  • Хэрэглээний импортыг хязгаарлах бодлогын хэрэгслүүд: зээлийн хүүг хавтгайруулан өсгөж, үйлдвэрлэгчдийг давхар шийтгэдэг аргаас татгалзана. Түүний оронд валютын гарах урсгалыг нэмэгдүүлж буй тансаг болон импортын хэрэглээний зээлийг бодлогын хүүг өсгөхөөс бусад хэрэгслүүдээр онилж хязгаарлана.

 3. Мөнгөний нийлүүлэлтийн “Бүрэн ариутгал” (Full Sterilization)

  • Төв банк экспортын орлогыг худалдаж авахдаа зах зээлд нийлүүлсэн төгрөгтэйгөө тэнцэх хэмжээний ТБҮЦ-ыг заавал арилжаалж, илүүдэл мөнгийг буцаан татах механизмыг хэрэгжүүлнэ.

Б. Дунд хугацааны арга хэмжээ (Системийн шинэчлэл)1.  Мөнгөний бодлогыг Төсвийн бодлоготой бодитойгоор уялдуулах механизмМакро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд төлбөрийн тэнцлийг сайжруулах, дотоод эрэлтийн хэт халалтаас сэргийлэх, мөнгө, зээлийн нийлүүлэлтийг зохистой түвшинд барих шаардлагатай. Мөнгөний бодлого оновчтой байхын тулд эхлээд зах зээл дэх мөнгөний урсгалыг нарийн тооцдог байх ёстой. Арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монголбанкны уламжлалт арга барилыг өөрчилнө.

  • “Хойноос нь хөөх” биш “Урьтаж харах” зарчим: Инфляц нэгэнт өссөний дараа бодлогын хүүг өсгөж, зээлийн дарамтыг нэмэгдүүлдэг “Галын хойноос хөөх” арга барилыг хална.Чингэхдээ төсвийн орлого, зарлагын мөнгөн урсгалын мэдээллийг Төв банкны ликвид удирдлагатай (Liquidity Management) бодит цагийн горимоор уялдуулна. Төсөв хэзээ тэлэх, хэзээ хумихыг урьдчилан тооцоолсноор Мөнгөний бодлогын хариу үйлдлийг хожимдож биш, урьтаж (pro-active) гаргадаг механизм, тогтолцоог бий болгоно. Төсвийн тэлэлт ба мөнгөний бодлогын уялдааг тооцдог нэгдсэн платформ хөгжүүлж, төсөв хэт тэлсэн үед мөнгөний бодлого автоматаар хариу үйлдэл үзүүлдэг механизмыг Засгийн газартай зөвшилцөж бий болгоно.
  • Инфляцыг ялгаж харах – Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг бууруулах: Мөнгөний бодлогын хэрэгсэл нөлөөлж чадахгүй нийлүүлэлтийн шинжтэй, эсвэл түр зуурын үнийн өсөлтөд хариу үйлдэл үзүүлж бодлогын хүүг өсгөхгүй. Инфляц тээвэр логистик, нийлүүлэлтийн сүлжээнээс хамааралтай эсэхийг ялгаж тодорхойлох чадавхийг бий болгоно. Иймд зөвхөн бодлогын хүүг өсгөх замаар эрэлтийг хумих бус, Засгийн газартай хамтран нийлүүлэлтийн гацааг арилгах, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг санхүүгийн бодлогоор дэмжих, өртгийг бууруулах замаар шийдвэрлэх “Бодлогын түншлэл”-ийг хэрэгжүүлнэ.

 2.  Макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлогын механизм

Төв банкны хараат бус байдлыг “вакумжсан байдал” гэж андуурахгүй. Төв банкны үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал хэдий ч, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих үүрэгтэй. Энэ хүрээнд “вакумжсан” байдлаас гарч, Засгийн газартай дараах чиглэлд хамтарна:

  • Эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих механизм: “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлж үүнтэй төстэй өргөтгөсөн “Макро бодлогын зөвлөл” байдлаар өргөжүүлж тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих зөвлөлдөх механизм бий болгоно.
  • Экспортыг дэмжиж валютын тогтвортой урсгалыг нэмэгдүүлэх: Эдийн засаг, хөгжлийн яам болон “Эрдэнэс Монгол”-д ажилласан туршлагаараа экспортын томоохон төслүүдийг хөдөлгөхөд Төв банкнаас шаардлагатай санхүүгийн зохицуулалт, валютын ханшийн таатай орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

 3. Гадаад валютын нөөцийн стратеги: “Тооноос Чанарт”Гадаад валютын нөөц бол үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа юм. Миний зорилт бол нөөцийг зөвхөн нэрлэсэн дүнгээр өсгөх бус, эдийн засгийн тэлэлтийг гүйцэхүйц “Хүрэлцээт түвшин”-д хүргэх юм. Өнөөдрийн байдлаар валютын нөөц 5.9 тэрбум ам.долларт хүрсэн ч, эдийн засгийн тэлэлт, импортын өсөлттэй харьцуулахад энэ нь хангалттай дүн биш.

  • Дунд хугацааны зорилт: Валютын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэж, импортын даатгах чадварыг 6 сараас дээш хугацаанд тогтворжуулахыг зорино.
  • Алт тушаалт: Холбогдох байгууллагуудтай хамтран алт олборлолтыг ил тод болгох, Монголбанкинд тушаах хөшүүргийг сайжруулах замаар нөөцийг зузаатгана.
  • Экспортын санхүүжилт: Банкууд экспортыг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүн гаргахад зохицуулалтын дэмжлэг үзүүлнэ.
  • Гадаад эх үүсвэр: Банкууд олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татахад бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ Төв банк шууд алдагдал хүлээх аливаа хэлцэл (форвард, своп) хийхгүй байх зарчмыг баримталж, өөрийн балансыг хамгаална.
  • Зээлжих зэрэглэл: Засгийн газартай хамтран Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах, гадаад өрийг дахин санхүүжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлнэ.

 4. Засаглал ба Ил тод байдал – “Итгэлцэлд суурилсан Төв банк”Төв банкны хамгийн том актив бол “Зах зээлийн итгэл” юм. Төв банкийг “Хар хайрцаг”-ны зарчмаар ажилладаг биш, олон нийт, зах зээлд нээлттэй ажилладаг “Шилэн банк” болгоно. Нуух тусам хардлага төрдөг, ил байх тусам итгэл сэргэдэг.

  • Шийдвэр гаргалтын ил тод байдал: Мөнгөний бодлогын хорооны шийдвэр хэрхэн гарсан нь нууц хэвээр үлддэг өнөөгийн байдлыг өөрчилнө. Хурлын тэмдэглэлийг гишүүдийн санал, үндэслэлтэй нь хамт нийтэлж, шийдвэр гаргалтын ил тод байдлыг хангана. Хорооны гишүүдийг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаж, зөвхөн мэргэжлийн үндэслэлээр санал өгдөг, түүнийхээ төлөө олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг тогтолцоог бүрдүүлнэ.
  • Мэдээллийн ил тод байдал: Төв банкны валютын цэвэр нөөц, своп хэлцлийн хэмжээ, ТБҮЦ-ны үлдэгдэл зэрэг макро үзүүлэлтүүдийг нууж хаах бус, олон улсын жишгээр сар бүр тайлагнана.
  • Зах зээлийн хүлээлтийг удирдах: Зах зээлд бодит мэдээллийг түрүүлж өгөх замаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн инфляци болон ханшийн хүлээлтийг зөв удирдана. Төв банкны баланс, нөөцийн хөдөлгөөнийг сар бүр тайлагнана. Зах зээл Төв банкны дараагийн алхмыг тааварлаж сандардаг биш, бодит мэдээлэлд үндэслэн тооцоолж бэлтгэдэг болно.

 5. Банкны салбарын эрүүл мэнд – Эрүүл бүтэцБанкны салбар нь зөвхөн хадгаламж татаж, зээл олгодог институт биш, эдийн засгийн цусны эргэлтийг хангадаг гол дэд бүтэц юм. Иймд банкны салбарт “Нуун дарагдуулах биш, Илрүүлж эмчлэх” зарчмыг бодитой хэрэгжүүлнэ.

  • Активын чанарын үнэлгээ – Далд эрсдэлийг илрүүлэх: Банкуудын активын чанарын үнэлгээг (AQR) нэг удаагийн кампанит ажил бус, тогтмол хийгддэг хяналтын тогтолцоог бий болгоно.
  • Чанаргүй активыг сунгалтаар нуун дарагдуулах практикийг зогсоох: Чанаргүй зээлийг дахин санхүүжүүлэх замаар “хэвийн” гэж харагдуулдаг, баланс дээрх бодит эрсдэлийг нуун дарагдуулдаг (“Evergreening”) практикийг хатуу таслан зогсоох тогтолцооны шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлнэ. Банкны тайлан бодитой, үнэн байх ёстой.
  • Засаглалын шинэчлэл ба Олон нийтийн хяналт: Банкуудын засаглалыг сайжруулах, Системийн нөлөө бүхий банкуудын IPO хийх ажлыг эрчимжүүлж хуулийн хэрэгжилтийг хангуулах, эрхзүйн орчинг боловсронгуй болгож, хэрэгжилтийг чанд мөрдүүлж салбарын эрсдэл даах чадварыг бэхжүүлнэ. Ингэснээр хууль, журам засагладаг, харилцагчийн эрх ашгийг хамгаалсан, сайн засаглалтай, дархлаатай банкны салбар болж бэхжих юм.

ГУРАВ. ДҮГНЭЛТ

Миний санал болгож буй энэхүү хөтөлбөр нь зүгээр нэг онол биш, миний өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан Макро эдийн засаг, Төсөв санхүү, Банкны засаглал, Уул уурхайн менежментын бодит туршлага дээр суурилсан шийдэл юм. Монголбанкийг эдийн засгийн “гал унтраагч” бус, тогтвортой хөгжлийн “тэтгэгч” болгон шинэчлэхийг зорилт болгож байна. Ингэснээр Төв банкийг Засгийн газрын касс болгохгүйгээр, харин төсвийн бодлогын алдааг засдаг, эдийн засгийн өсөлтийн зөв хөшүүрэг болдог мэргэжлийн, стратегийн түнш байх түвшинд хүргэж ажиллана гэжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.