МУГТ Б.Баасанхүү: 2024 он бол миний хувьд уналт, босолттой жил байсан. Тамирчин байх үнэхээр хэцүү шүү. Хажуу өрөө, нийтийн байр хэсэж амьдарна, бэлтгэлийн хажуугаар ажил хийх боломж бараг байдаггүй. Жин хасаж, олон хоног хоол усаа хасна . Өдөр болгон хоёр удаагийн бэлтгэл хийнэ. Гэр бүл, аав ээж дээрээ баяр ёслолоор ч очих зав гардаггүй. Хэцүү зүйл маш олон шүү.
Тамирчдад тусалж, дэмжиж, цалинжуулж байдаг хувь хүн, компани гээд бүх хүмүүст чин сэтгэлээсээ маш их баярлалаа.
1. Ази тивийн аварга – алт
2. Душанбе Гранд Слам – алт
3. Дэлхийн аварга – алт
Энэ амжилтыг минь мялааж, ах маань хэлсэн ярьсандаа хүрч, 2 өрөө бүрэн тавилгатай байр бэлэглэж байлаа. Надад өртэй юм шиг л дэмжиж, тусалж, идэш хүртэл бэлдэж өгч өөрийн дүү шигээ өмгөөлж хамгаалж, өдий зэрэгт хүргэсэнд ахдаа чин сэтгэлээсээ талархаж явдаг шүү.

