УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх тухай” тогтоолын төслийг санаачилж буй. Тогтоолын төсөлтэй холбогдуулан 2025 оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт холбогдох яамдын төлөөлөл, Монголын барилгачдын нэгдсэн холбоо болон гишүүн байгууллагууд, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Барилгын хөгжлийн төв, Үндэсний аудитын газрын төлөөлөл оролцсон байна. Хэлэлцүүлгийн үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний өнөөгийн нөхцөл байдал, хэрэгжилтэд тулгарч буй асуудал, санхүүжилтийн үр ашиг, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог сайжруулах талаар санал, дүгнэлт солилцжээ.
Мөн оролцогчид төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд ил тод, хариуцлагатай, үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах шаардлагатайг дурдсан юм. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг тусган холбогдох тогтоолын төслийг боловсруулж, цаашид татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай, хариуцлагатай зарцуулах чиглэлд ажиллана гэдгийг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа онцоллоо.
