Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулъя

Цаг уур орчны шинжилгээний газраас 2026 оны хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.

Баруун аймгуудын нутгаар. Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр агаарын дундаж температур ОЖД-аас дулаан байх аж. Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр хур тунадас ОЖД-аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоногийн дундаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч нэлээд чангарч ОЖД-аас 2-4°С-аар хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, ОЖД-ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн зарим хугацаанд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Өвөрхангайн өмнөд хэсгээр агаарын дундаж температур ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх аж, Төв аймгийн зүүн хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар ОЖД-аас 2-4°С-аар хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан гэжээ. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөв гарчээ. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэг болон хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 2-5°С-аар хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, ОЖД-аас бага зэрэг дулаарна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсэж, цасан шуурга шуурч болзошгүй гэжээ. 

Говийн аймгуудын нутгаар. Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр агаарын дундаж температур ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД-аас бага зэргийн дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар ОЖД-аас 2-4°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй гэжээ. 

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. 

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар) 
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

                              Уур амьсгалын тойм 

Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар нэгдүгээр сарын агаарын температурын ОЖД нь -24-30°C, Увс нуур, Дархадын хотгороор -30-34°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар -12-18°С, бусад нутгаар -18-24°C хүйтэн байдаг Нэгдүгээр сарын агаарын дундаж температурын олон жилийн явцаас харвал 2015 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1-8°С-ээр дулаан байжээ. Энэ нь 1979 оноос хойших хамгийн дулаан 1 дүгээр сар болсон юм. Мөн 2011 оны 1 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас 1-9°С-ээр хүйтэн байсан нь түүхэн дэх хамгийн хүйтэн 1 дүгээр сар болжээ. 

Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар сарын нийлбэр хур тунадас 2-4 мм, бусад нутгаар 0-2 мм цас ордог.

Зарим жил ОЖД-аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1987 болон 2010 оны 1 дүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн их тунадастай 1 сар болсон аж. Харин 1993, 2020 оны 1 дүгээр сард харьцангуй бага хур тунадастай байснаар 1979 оноос хойших хамгийн бага тунадастай 1 дүгээр сард тооцогджээ.

Энэ мэдээг хуваалцах :

“Монгол пянзны галерей”-д үндэсний ховор бүтээлүүд дэлгэгдлээ

Жирэмсэн эмэгтэйчүүдэд бичил тэжээлийн бэлдмэл түгээх аян эхэллээ

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.