Улаанбаатар хотын нийтийн тээврийн дэд бүтцийг Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлд хэрэгжүүлж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, дүүжин замын тээвэр төслийн үндсэн даацын хийцийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ган татлага буюу тросс гаалийн хяналтын талбайд буулаа. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг зэрэгцүүлэн гүйцэтгэж байна. Үүнтэй зэрэгцэн дүүжин замын системийн аюулгүй, тогтвортой ажиллагааг хангах үндсэн даацын ган татлагууд Монгол Улсад ирээд байна.
Энэхүү ган тросс нь дүүжин замын тээврийн системийн найдвартай ажиллагааг хангах гол элемент юм.
Одоогоор холбогдох гаалийн бүрдүүлэлт, бичиг баримтын хяналт, шалгалтын ажиллагааг хийж байна. Тус ажиллагаа дуусмагц дараагийн шатны дотоод тээвэрлэлт, угсралтын талбайд хүлээлгэн өгөх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх юм. Техникийн үзүүлэлтийн хувьд, төсөлд зургаан ширхгээс бүрдсэн сүлжмэл томоостой, нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утсаар бүрдсэн ган татлагыг ашиглаж байна. Тус ган татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй, өөрийн механик болон чанарын үзүүлэлтүүдээр мөрдөж буй техникийн нөхцөл, стандартын шаардлагыг бүрэн хангажээ.
Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн хүртээмж, нэмэгдэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, аялал жуулчлалын сонирхлыг татахуйц орчин үеийн дэд бүтцийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Мөн суурьшлын бүсүүдийг хооронд нь шууд холбож, нийслэлийн нийтийн тээврийн системийг байгальд ээлтэй, хүртээмжтэй, олон тулгуурт шийдэлд шилжүүлэхээс гадна тухайн бүс нутгийн авто замын хөдөлгөөний дундаж хурдыг нэмэгдүүлэх бодит үр нөлөөтэй ажээ.
