Намайг З.Отгонхүү гэдэг. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Цаст Цамбагаравын өвөрт нутагладаг Цастын өөлд түмний үр сад. Би СУИС-ийн монгол хөөмийн ангийг 2014 онд төгссөн.
Аав минь хөөмийлдөг байсан. Гэхдээ би аавынхаа хөөмийлж байгааг дэргэдээс нь сонсож байгаагүй. “Ээвэн голын урсгал”-ыг хөөмийлснийг ээж кассет дээр хуулчихсан, түүнийг нь сонсож байсан. Тэгээд салхины өөдөө харчхаад хөөмийг оролдож үзэхэд аялгуу нь өөрчлөгдөөд байсан. Тэр үед дотроос аялгуу гарч байна гэдгийг ойлгож, хөөмий сурах сэдэл төрсөн. Хонь хариулаад малын захад явж байхад усны боргио, шувуудын жиргээ зэрэгт хөөмийний төрлүүд явагдаж байдаг.
Надад морин хуур, товшуур хөгжим, лимбэ, хэл хуур бий. Хөөмий сурч байгаа хүн эдгээрийг сурах зайлшгүй шаардлагатай л даа. Лимбэ хөгжим тоглож сурсан түүхээ ярихад, Ховд аймагт Вашя гэж мундаг лимбэчин хүн байсан. Тэр хүн оюутан болоод хотод ирэхдээ ээжийн дүүгийнд амьдардаг байж л дээ. Тухайн үед гуулин лимбэ тоглодог байснаа орхичихсоныг нь ээж олж аваад надад өгчихсөн. Би түүнийг нь хонины бэлчээрт сонсголоороо үлээсээр байгаад сурсан даа.


2014 онд СУИС-ийг төгсөөд Хөх хотод 6-7 жил хөөмийний багшаар ажилласан. Тэд нар маш сайн сураад тайзан дээр бахдалтай нь аргагүй хөөмийлөөд сууж байхад манай Монголчууд, тэр тусмаа манай нутгийнхан энэ сайхан урлагийг сурч болдоггүй юм бол гэх харамласан сэтгэл төрдөг. Өвөрмонголчууд бодлогоор хөөмийн урлагийг хөгжүүлж, сайн багш нар аваачиж байр хоолоор хангаад сургаж чадаж байна. Манай Монголд тийм юм байхгүй шүү дээ. Монголд ирээд бор зүрхээрээ амьдарч байна. Манай төр засгийн томчууд гаднаас зочид авчраад хөөмий, морин хуур, уртын дуу зэрэг энэ сайхан өв соёлоороо нүдийг нь бүлтийлгэж, сонорыг нь мялааж, нүүр тахлаад явуулдаг мөртлөө энэ урлагийг дэмждэггүй юм болов уу гэж боддог. 2 жил тутам уралдаан тэмцээн зохион байгуулдаг байсан нь байхгүй болсон. Хөөмийчид энд тэнд бор зүрхээрээ л сургалт явуулж байна, хамтлаг болоод гадаадаар тоглолт хийж явна.

Манайхан чинь их үндсэрхэг үзэлтэй. Гадныханд зааж болохгүй гээд л. Би бол хамаагүй л заагаад өгдөг. Энэ урлагийг сураад хоолоо олж идэж, хөөмийг сурталчлаад яваг. Хэнээс, хаанаас сурсан гэхээр монголоос сурсан, Монгол Улсын урлаг юм чинь. Манайх энэ сайхан урлагаа Гиннест бүртгүүлчихсэн учир айх юмгүй. Тэр тусмаа Ховд аймгийн Чандмань сумаас үүсэлтэй, нутгийн зон олны цусанд нь байдаг гайхалтай урлаг.
Одоо би Улаанбаатар хотод хөөмийний ганцаарчилсан гэр сургалт явуулж байна. Монгол хөөмий хархираа, шахаа, исгэрээ гэсэн гурван төрөлтэй. Монгол хөөмийний амин сүнс нь исгэрээ хөөмийнд байдаг. Исгэрээ хөөмийг хэр сайн өнгө алдахгүй хөөмийлж чадна тэр хэрээр хөөмийг төгс сурсан хүн гэж үздэг.
Нэг үе хөөмийг сурахад хэцүү гэсэн ойлголт байсан. Зааж байгаа багш нь хүртэл юм өргүүлээд, гэдэс рүү нь цохидог ч юм уу их хэцүү заадаг байсан үед би хөөмий сурсан. Одоо бол заах арга барил өөрчлөгдөөд хурдан сурч болж байна. Зарим хүмүүс би 50 настай, 70 настай юм аа, сурах болов уу гэдэг. Энэ хөөмийн урлаг чинь Монгол хүн бүрийн мах, цусанд нь шингэчихсэн урлаг. Надад хамгийн балчир нь 7 настай, 10 настай шавь нар бий. Эрэгтэй, эмэгтэй, солгой хоолойтой хамаагүй би аргыг нь зааж өгч байгаа учир хүн бүрд сурах боломж бий. Би хөөмий заасан эхний цагтаа л хүмүүсийг хөөмий дуугаргаад явуулж чадна гэж бардам хэлдэг юм.
Монгол түмний эрхэмлэх зүйл болсон энэ хөөмий, язгуур урлагийг сурсандаа өөрөөрөө бахархаж явдаг. Би гаднын оронд очихоороо энэ урлагаараа л би Монгол хүн шүү, энэ бидний урлаг шүү гэдгийг мэдрүүлдэг. Энэ сайхан язгуур урлаг минь түгэн дэлгэрэх болтугай.


