Дөрөв хоногт 4000 орчим зөрчлийг AI камераар илрүүлж, торгожээ

Хиймэл оюунд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулж, замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ашиглан бүрэн хянаж эхэлсэн бөгөөд камераар 10 төрлийн зөрчил илрүүлж байгаа юм.

Тэгвэл 2026 оны эхний дөрвөн өдөрт 4000 орчим жолоочийг хиймэл оюун буюу AI камераар илрүүлж, торгуулжээ. Үүнээс гадна “шалгагдаж байна” гэх төлөвийг иргэд торгуультай андуурч бухимдах тохиолдол нийтлэг гарч байгаа аж.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа “AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш. Замын хөдөлгөөний зохицуулалтыг технологийн дэвшилд бүрэн оруулж байгаа л хэлбэр. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд 2025 оны 7-р сарын 09-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх автоматжуулсан системийг оруулж өгсөн бөгөөд тус систем нь замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг таньж, жолоочийн үйлдлийг замын хөдөлгөөний дүрмийн заалттай тулган шалгаж, эрх бүхий албан тушаалтны цахим гарын үсгээр баталгаажуулах ажиллагааг 2026 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ дагуу хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна” гэв.

ЗХУТ-ийн мэдээлснээр, цагдаагийн зохицуулалтаар, түргэн болон галын машин зам тавьж өгснийхөө төлөө торгуулж байгаа тохиолдол гараагүй бөгөөд шууд торгохгүй, нягталсны үндсэн дээр торгож байгаа аж.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.