Б.Отгонбаатар: Малын арьс шир үнэгүйдэж, хог дээр хаягдаж байгаад харамсаж байна

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын малчин Б.Отгонбаатар Төрийн ордонтой танилцаж байх үеэр хэсэг хором саатан түүнтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны хувьд хэдэн жил мал маллаж байна вэ?

Би 6-р ангиасаа мал дээр гарч, 30 гаруй жил мал маллаж байна. Удам дамжсан малчин айлын хүүхэд учир багаасаа л мал маллах арга ухааныг харж, суралцаж өссөн.

-Яг одоо малчдад ямар асуудлууд тулгамдаж байна вэ?

Сүүлийн үед залуу малчид ховордож байгаад харамсаж байна. Мал маллахаа хөдөө гардаг ч удаан тогтохгүй, 2-3 сараар ч хамаагүй ийш тийшээ явчихна. Удалгүй буцаж ирээд, одоо малаа маллах нь уу гэхээр ахиад л явчихсан байдаг.

Бас малын түүхий эд, арьс шир үнэгүйдэж байна. Ноолуур, хөөвөр, хонины ноосноос бусад дайврууд ямар ч үнэгүй хог дээр хаягдаж байна. Үүнийгээ дагаад арьс ширээ хаа хамаагүй хаяж, хөдөөгүүр хог новш их болж байна. Нутаг орноо их бохирдуулж байна.

-Залгамж халаа болж дараагийн малчин болох хүүхэд байгаа юу?

Бид чинь удам дамжсан малчид учир нэг хүүгээ малчин болгохоор бэлдэж байгаа. Одооны хүүхдүүд гэхдээ мал дээр байх дургүй талдаа. Би хүүдээ алсуураа сайн учирлаж ойлгуулж л байна. Хүүхдүүдээ багаас нь мал хариулуулж, аррга ухааныг зааж сургасан уччир эхнэр бид хоёрын эзгүйд мал дээрээ үлддэг.

-Малчид мах, цагаан идээгээ үнэтэй зарлаа гэсэн ойлголт бас байдаг шүү дээ. Үүн дээр та ямар бодолтой байдаг вэ?

Малын мах тодорхой хэмжээнд үнэтэй байхгүй бол малчид бидний амьдрал бас хэцүүднэ. Бараа таваар чинь бас “мундаг” үнэтэй байгаа. Манай хөдөө чинь сар шахуу хугацааны дараа л юмны үнэ нэмэгдээд байдаг юм. Цагаан идээний хувьд чанараасаа хамаараад үнэ нь өндөр байна л даа. Сүүлийн үед фермерүүд гарч ирсэн. Малчдын гараас гарч буй цагаан идээний хаана ч хүрэхгүй. Тийм учраас үнэ нь хямд байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй.

-Төр засгийн зүгээс малчдаа дэмжсэн ямар бодлого байх хэрэгтэй гэж харж байна?

Төр засгийн зүгээс малчдадаа чиглэсэн зүйлсийг гайгүй сайн ярьж байгаа. Гэхдээ яг 100 хувь хэрэгжиж байгаа нь ховор байна. Заавал бас төрийг хараад, биднийг ингэсэнгүй тэгсэнгүй гээд байж болохгүй. Аль аль талдаа л хичээх хэрэгтэй.

-Нутаг орондоо малаа маллаад амьдрахын хамгийн сахйан нь юу вэ?

Түүн шиг сайхан зүйл үгүй шүү дээ. Нутаг орон, төр засаг байгаагийн хүчинд л бид малаа маллаад сайхан амьдарч байна. Залуу хүмүүс аливаа зүйлийг хийхдээ сайхан зорилготой, зоригтой, сэтгэлтэй байвал бүх зүйл сайхан бүтнэ гэж боддог.

-Баярлалаа, мал сүрэг нь улам арвин болох болтугай.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.