Ж.Энхбаяр: ШУА-ийн эрдэмтэн, судлаачдаа дэмжиж ажиллана

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, дэд сайд С.Даваасүрэн нар Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, судлаачидтай /2026.01.09/ уулзаж, шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын бодлогын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Ж.Энхбаяр 2026 онд Монгол Улсын шинжлэх ухааны салбарын санхүүжилт 156.4 тэрбум төгрөгт хүрч буйг онцлоод, судалгааны шууд зардлын эзлэх хувь хангалтгүй хэвээр байгааг тэмдэглэв. Сүүлийн 10 жилд шинжлэх ухааны салбарын санхүүжилт ДНБ-ий 0.1 орчим хувьд хадгалагдсан тул уг үзүүлэлтийг цаашид үе шаттай нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.

Мөн Засгийн газрын шинэ бүтцийн хүрээнд шинжлэх ухаан, технологийн бодлого Эдийн засаг, хөгжлийн яаманд харьяалагдсанаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан боловсруулах, судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн болон бодлогын орчин бүрдсэн болохыг онцоллоо. Үүний хүрээнд салбарын дэд бүтцийг шинэчлэх, лаборатори, тоног төхөөрөмжийг олон улсын жишигт нийцүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг хэллээ.

ЭЗХЯ-ны мэдээлж буйгаар, цаашид тогтмол болон үр дүнд суурилсан санхүүжилтийг нэмэгдүүлэх, судалгааны чанар, өгөөжийг сайжруулах, хувийн хэвшил болон гадаадын хамтарсан төслүүдийг бодлогоор дэмжихийн зэрэгцээ гадаадын дэвшилтэт технологийг нутагшуулах замаар дотоод инновацыг хурдасгаж, шинжлэх ухааны салбарыг улсын хөгжлийн бодлогын гол тулгуур болгон хөгжүүлэх чиглэл баримталж ажиллахаа илэрхийлэв.

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл салбарын хүний нөөцийн цалин хангамж бага, ажлын байрны баталгаа сул байгааг дурдсан бөгөөд багаж, тоног төхөөрөмжийн дорвитой шинэчлэл хийгдээгүйн улмаас хүрээлэнгүүдийн тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь 30-аас дээш жилийн насжилттай болж, судалгааны үр дүн, гарган авсан технологийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байгааг онцоллоо. Түүнчлэн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборыг бүрэн ашиглалтад оруулах, эрдэм шинжилгээний ажилтнуудын орон сууц, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын урт болон дунд хугацааны төлөвлөлт, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг уламжиллаа.

Эрдэмтэн, судлаачдын зүгээс Монгол Улсад хэрэгжиж буй мега төслүүдэд оролцох хүсэл, чадавх байгаа боловч бодит оролцоо хангагдахгүй байгааг дурдсан бөгөөд цалин, нийгмийн баталгаа сул, төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд эрдэмтдийн санал, судалгааны үр дүн хангалттай тусгагдахгүй байгааг хөндөн ярив. Иймд цаашид төрөөс судалгаанд суурилсан шийдвэр гаргаж, эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгааны үр дүнг бодит ажил, төсөл, хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Монгол брайль үсгээр хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг танилцуулж, дээжийг нь гардууллаа

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.