МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын хороодын нэг болох Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны анхны хурал өчигдөр /2026.01.15/ боллоо.
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар хуралд оролцож Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны ажиллах үүрэг, чиглэлийн талаар санал, бодлоо хэлэв.
Тус бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Нарийн бичгийн даргаар намын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал нар ажиллаж байна. Хорооны гишүүдэд УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, намын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ болон намын дэргэдэх ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, оюутны холбоо, судлаач, эрдэмтдийн төлөөлөл багтжээ.
Засгийн газраас 2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан тул энэхүү бодлогын хорооны ажлыг эрчимтэй, цэгцтэй явуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах онцлоод энэ хүрээнд боловсролын салбарт хийх бодлогын үндсэн чиглэлийн талаар товч танилцуулжээ.
Боловсролыг дэмжих жил болгон зарласан, энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, мөн багш нарын цалинг тодорхой хэмжээнд нэмсэн ч гэлээ тулгамдаж буй бусад асуудлыг эрэмбэлж, нэн тэргүүнд хийх ажлаа төлөвлөж гаргах нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах өмнө нь багш, судлаачаар ажиллаж байсны хувьд чухалчилж байв.
Хүний хөгжил, боловсрол, шинжлэх ухааны бодлогын хороо нь анхны хурлаараа цаашид ажиллах зарчим, гаргах шийдвэр, үр дүн зэргээ томьёолсон аж.

