Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөл энэ оны анхны хурлаараа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2026-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа (хөтөлбөр), Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсвийн хуваарийн төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл, хөтөлбөрүүдийн нэмэлт, өөрчлөлт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинээр батлах хөтөлбөрүүд зэрэг 6 багц асууддлыг хэлэлцэн 5 тогтоолын төслийг баталлаа.
Үүнд:
– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2026-2027 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа (хөтөлбөр)-г шинэчлэн батлах тухай;
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2026 оны төсвийн хуваарь батлах зөвлөмж гаргах тухай;
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл, хөтөлбөрүүдийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
– Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр батлах тухай;
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр батлах тухай.
Шинээр хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн нэг нь “Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх” хөтөлбөр. Энэхүү хөтөлбөр нь зорилтот өрх, иргэний хэрэгцээ, санаачилга, боломжид тулгуурлан өрхийн амьжиргааг дээшлүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох, санхүү, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал зэрэг цогц үйлчилгээнд хамруулах, хөдөлмөрийн чадвартай, ажил олоход хүндрэлтэй гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар зорилтот өрхийн бие даан амьдрах чадавхыг тасралтгүй сайжруулах зорилготой.
Харин хоёр дахь нь залуучуудын хөдөлмөрт хандах хандлага, бүтээлч байдлыг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн оролцоог дэмжих замаар эх орондоо бүтээмжтэй, тогтвортой хөдөлмөр эрхлэхэд нь хувь нэмэр оруулах зорилго бүхий “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр юм.

