Чехийн Үндэсний музейд Монголын үлэг гүрвэлийн олдворуудаар үзэсгэлэн гаргана

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзаж, хоёр орны соёл, спорт, аялал жуулчлалын салбар хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд 2025 онд талуудын байгуулсан спортын салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд хоккейн спортыг Монголд хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах саналыг сайд Ч.Ундрам илэрхийлэв.

Талууд Монгол, Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чехийн Үндэсний музейд дэлгэсэн “Чингис хаан” үзэсгэлэн маш амжилттай болсныг цохон тэмдэглээд 2027 онд тус музейд Монголд олдсон үлэг гүрвэлийн олдворуудаар гаргахаар төлөвлөж буй үзэсгэлэнгийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо. Мөн Элчин сайд Ян Вытопил нь хоккейн спортыг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах тухай саналыг дэмжээд, Монголын байт харваан спортын тамирчдын ур чадварыг ахиулах чиглэлээр мөн хамтарч ажиллах саналыг илэрхийлэв.

Түүнчлэн, Чехийн Үндэсний музейд 2027 оны 6 дугаар сард нээлтээ хийх үлэг гүрвэлийн үзэсгэлэнд зориулсан баримтат кино хийх гэж байгаа төдийгүй энэхүү үзэсгэлэн нь олон мянган үзэгчдийг татаж, Монголыг сурталчилсан томоохон арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.