Өнөөдөр /2026.02.26/ Батлан хамгаалахын сайдын 2026 оны анхны өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо.
Хуралдаанаар Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, газар, хэлтсийн дарга нар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, сайд тодорхой чиглэлд үүрэг даалгавар өгөв.
Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын боловсон хүчний сонгон шалгаруулалт, томилгооны гажуудлыг цэгцлэн, хатуу хяналт тавихыг холбогдох газарт үүрэг болгож, улс төрийн оролцоотой нэг ч томилгоо хийхгүй болохыг харьяа байгууллага, газар, бүтцийн дарга нарт анхаарууллаа.
Тэрээр “Батлан хамгаалах салбар бол улс орны оршин тогтнохуй, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын хамгийн гол баталгаа байдаг. Үүнийг хангаж буй цэргийн байгууллагын амин сүнс нь босоо удирдлага, хатуу сахилга батаас шууд хамааралтай. Тийм ч учраас энэ салбарт улс төрийн нөлөөтэй томилгоо хийх нь төрийн дархлаа, тушаалын хэрэгжилтийг сулруулан, дотоод уур амьсгалыг эвдэж, салбарыг дотроос нь задрахад хүргэдэг учраас бид энэ чиглэлд онцгой анхаарал хандуулах ёстой.
Зэвсэгт хүчин бол улс төрийн “тоглоомын талбай” биш, харин төрийн “цайз хэрэм” юм. Цайз хэрмийн чулуу бүр нь улс төрөөр бус, ур чадвар, чин үнэнч зүтгэлээр өрөгдөх ёстой” гэдгийг онцлон хэлэв.
Эх сурвалж: Батлан хамгаалах яам
