Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”-ын хүрээнд Батлан хамгаалах салбар 2026 оныг “Хүн төвтэй хөгжил- Шинэчлэлт”-ийн жил болгон зарлаад байна. Өнөөдөр албан ёсоор нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын 100 алба хаагчдад орон сууцны урьдчилгаанд тус бүр 20 сая төгрөгийг олгох “Батламж”-ийг гардуулан өглөө.
Мөн үеэр батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баянзүрх дүүргийн ЗДТГ, Монголын хөрөнгийн бирж болон “Эйч Өү Ар И Эн Си” ХХК-тай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг байгуулав.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын бүтцийн нэгжийн дарга нар, яамны харьяа байгууллага, нэгтгэл, ангийн удирдлага, орон сууцны дэмжлэг авсан алба хаагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо гэж БХЯ-наас мэдээлэв.




