Орчин цагийн Зэвсэгт хүчний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, Жем Интернэйшнл ХХК, Завхан Даян дэвжээний бөх, МУГТ, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Э.Батмагнай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-014 анги, Юү Эл И ХХК, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Эбэг ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Т.Дүгэрдорж, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.

Маргааш буюу гуравдугаар сарын 15-ны ням гарагт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаантай.
