Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байна.

Нэгдүгээрт, 2024 оны сонгуулиар улс төрийн таван нам, эвсэл, нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа энэ хаврын чуулганаар талдаа орлоо. Үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг Та биднээс цаг хугацаа шаардаж байна.

Хоёрдугаарт, дэг журам нь сулран ганхаж, төмөр хөшиг ахин татагдаж, хүчний туйл нь өөрчлөгдөж байгаа дэлхийн цаг төрийн ээдрээ, геополитикийн зөрчил мөргөлдөөн, дайн байлдаан, тээвэр логистикийн хямрал, эрчим хүч, энергийн хомсдолын шинэ сорилтуудтай дэлхийн Монгол Улс тулгарч байна. Далайд гарцгүй, цөөн түүхий эдээс хамаарсан экспорт, түлш шатахууны хараат байдалтай орны хувьд уулын цаана уул, улсын цаана улс буйг харж, үндэстний эв нэгдэл, язгуур эрх ашгаа эрхэмлэн дээдэлж, сөрөн тэсвэрлэх чадавхаа бататган, тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор дархлахыг хувиран өөрчлөгдөж буй дэлхийн нөхцөл байдал Та биднээс шаардаж байна. Дэлхийн цаг төрийн хурцадмал нөхцөл байдал, сорилтуудын өмнө нам, бүлгээрээ талцан хуваагдах бус гагцхүү улс орны эрх ашиг, шударга ёсон дээр суурилан эвлэлдэн нэгдэхийг цаг үе Та биднээс шаардаж байна.

Гуравдугаарт, ардчилсан парламентын дархлаа парламентын танхимаасаа эхлэн батжин бэхжиж байх учиртай. Улсын Их Хурлын танхимаас хулгайч биш хууль төрж байх ёстой гэдэг үгээ дахин давтан хэлэхийг хүсэж байна. Үндсэн хуульд өргөсөн тангарагтаа үнэнч байж “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх өв сургаалыг санаж, үлгэр дуурайлал үзүүлэхийг ардчилсан төрийн жинхэнэ эзэд, эх булаг нь болсон ард түмэн Та биднээс шаардаж байна. Иргэнээсээ илүү тусгай дархан эрх эдэлдэггүй, ил тод нээлттэй, бүтээлч, хариуцлагатай, авлигаас ангид, ардчилсан парламентын нэр хүндийг өндөрт өргөж, ард түмнийхээ итгэлийг эвдэхгүй, сэтгэлийг нь сэвтээхгүй, ямагт ёс зүйн өндөрлөг дээрээ ажиллаж, парламентын дархлаагаа хадгалан хамгаалах нь цаг үеийн шаардлага, цадиг түүхийн сургамж юм.

Дөрөвдүгээрт, нийгмийн хэрэгцээ шаардлага, нийт олны хүсэл хүлээлт дагуулсан, хурж овоорсон асуудал бэрхшээлийг тууштай, оновчтой тулж шийдэхийг Та биднээс амьдрал өөрөө шаардаж байна. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн эрүүл агаар билээ. Эрх чөлөө бол иргэн ба төрийн итгэлцлийн гагнаас юм. Үндсэн хуульд заасан хүний заяагдмал, жам ёсны үндсэн эрхийг дархлан хамгаалж, эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд нь чөдөр тушаа болсон төрийн хүнд суртал, хууль журмын хийдэл давхардал, гох дэгээг тайлж “Хийе, бүтээе, хөдөлмөрлөе” гэсэн хэн бүрийн ачааг хөнгөлж саадыг чөлөөлөхийг хүслээ хясуулсан монгол хүн бүхэн Та биднээс нэхэн шаардаж байна. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагаанаар миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамт зүүн, төв, хангайн болон хойд бүсэд ажиллаж, 8200 гаруй иргэнтэй нүүр тулан нээлттэй уулзаж, илэн далангүй харилцан ярилцлаа. Ажил, амьдралд нь тулгамдсан асуудал бэрхшээлийн талаарх санал бодлыг нь сонсож, хууль тогтоомж хэрхэн хөрсөн дээрээ хэрэгжиж буйтай танилцаж, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, шийдвэрийн талаар мэдээлэл өгч санал бодлыг нь нээлттэй сонслоо. Малчид Малчны тухай, ахмадууд Ахмад настны тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай тухай, эмч багш нар, соёлын салбарынхан цалин хөлсний нэмэгдэл, эцэг, эхчүүд, олон нийт Хүүхэд хамгааллын тухай хуулийн биелэлтийг нэхэж, шуурхай, нэг мөр хэрэгжүүлэхийг шаардаж байна.

Очсон аймаг, сум, уулзсан хүн бүр шахам улс орон даяар гал алдсан эрчим хүчний доголдлыг хөндөж, арван аймагт хөнгөлөлттэй зээлээр дулааны станц барих ажил царцаж, гацсанд харамсан бухимдаж, аймгийн төвүүд агаарын бохирдол ихтэй өвөлжлөө.

Аймаг орон нутагт ард иргэд бүгдээрээ эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх, бусдаас үл хамааран бие даан бүтээж босгох, ажиллаж хөдөлмөрлөх, төвлөрсөн эрх мэдэл, төсвийн хэт хамаарал, хүнд суртлын хүлээснээс чөлөөлөгдөх хүсэл дүүрэн байна. Энэ бол хийж бүтээх санаа шийдэл, эдийн засгийн бие даасан байдал, эрх чөлөөгөө эдлэх эрүүл хүчтэй хүсэл шаардлага юм. Аймаг, сумандаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө ахиу үлдээвэл хамгийн их хэрэгцээ шаардлагатай, бүх хүнд илүү өгөөжтэй, хүртээмжтэй, хурж овоорсон, хүсэл хүлээлт дагуулсан асуудлаа өөрсдөө шийдэх боломж бүрдэнэ гэдгийг тэд хэлж байна. Засгийн газар байгалийн баялгаа ашиглуулж байгаа аймаг, сумдад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү хуваарилах эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нь цаг хугацааны шалгуур болон хувирчээ.

Хөдөөгийнхөн хөдөөдөө хүний дайтай амьдрах орчин нөхцөл нь байвал хот руу олуулаа нүүхгүй ээ. Зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ барих, малын арьс шир, түүхий эдэд илүү үнэ цэн, өртөг, ашиг нэмэх үйлдвэрүүдийн үүдийг нээх, залуу ажиллах боловсон хүчин, малчдын залгамж халааг бэлтгэхэд төр, төсвөөс онцгойлон анхаарах шаардлагатайг онцолж байна.

Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ, хүнээ олохгүй байна. Эмч, багш нар цалингийн нэмэгдлийн бодит биелэлт, соёл урлагийн салбарын ажилтнууд, цаг уурын албан хаагчид эзнээ, хүнээ олоогүй цомхотголын улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсноо ярьж байна. 

Тиймээс Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдын 9 хувийн цомхотголоо эргэн харж ажлын онцлог, ачааллыг зөв хуваарилан, чиг үүргийн шинжилгээг дахин хийж, эгэл жирийн төрийн албан хаагчдыг цомхотгох бус дарга нарын тоогоо цөөлөх бодлого боловсруулан ажиллах шаардлагатай байна. Монголд дарга нарын тоо нь олдож, ажил гүйцэтгэх албан хаагчид нь чиг үүрэгтээ заасан ажлаа бус нэмэлт ажлуудад дарагдан буйд төрийн албан хаагчид сэтгэл гонсгор буйгаа хэлж байна. Дарга нар ард түмнээ дээрээс нь бус дэргэдээс харж, түмэн олонд үйлчлэх үүргээ хариуцлагатай ухамсарлан ажилламаар байна. Бүдэрч унасан нэгнийг татаж босгохоос бусад тохиолдолд ард иргэдийг хэзээ ч битгий дээрээс нь харж бай хэмээх ухаант ардын мэргэн үгийг төрийн эрх барих дээд байгууллагын даргын хувьд бүх шатны дарга нарт сануулж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ!

Олон улсын байдал улам ээдрээтэй болж, зэвсэг зөрүүлсэн халуун цэгүүд улам олширч байгаа энэ үед Монгол Улс эдийн засгийн аюулгүй байдлаа хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, дотоод эв нэгдэл, бодлогын нэгдмэл байдал, уялдаа холбоогоо улам сайжруулж, тулаад ирэх ямар ч саад бэрхшээлийг туулж гарах үндэстний сөрөн тэсвэрлэх чадавхаа өсгөн бэхжүүлэх шаардлагатай байна. Ойрх Дорнодод дэгдсэн дайн байлдаан, Ормузын хоолой хаагдсаны улмаас дэлхий даяар газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт татарч, энергийн эх үүсвэрийн хомсдол үүслээ. Арав гаруйхан хоногт байгалийн хийн үнэ бараг хоёр дахин, газрын тосны үнэ 40 гаруй хувь өслөө.

Дэлхийн Монгол Улсад дэлхийгээс ангид эдийн засаг, дэлхийгээс хамаарахгүй үнэ ханш гэж байхгүй ээ. Ийм хурцадмал байдал сунжирч үргэлжлэх болон өсөн нэмэгдэх аваас түлш шатахууны үнэ өсөх магадлал өндөр байна. Түлш, шатахууны үнэ бүх юмны үнэ болж, хоол хүнс, бараа үйлчилгээ бүгдэд шингэдэг. Олон улсын тээвэр, логистикийн тогтолцоо алдагдах, хямрах эрсдэлүүд манай улсын импорт, экспортын өртөг зардал өсөх, эдийн засагт ирэх дарамтыг нэмж болзошгүй байна. Бүс нутгийн тогтворгүй байдал үргэлжилсэн хэвээр байвал хөрөнгө оруулалт саарч, эдийн засгийн орчинд “сүүдрээ” тусгаж, экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн эрэлт, үнэ буурахад хүргэж мэдэхээр байна. 

Улсын Их Хурал, Засгийн газар, банк, санхүүгийн байгууллагууд энэ бүх эрсдэлийг нарийн тооцоолж, үр дагаврыг нь бууруулахын төлөө өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийж, оновчтой бөгөөд шуурхай шийдвэр гаргаж, арга хэмжээ авах нэн шаардлагатай байна.

Тухайлбал, стратегийн бүтээгдэхүүн болох түлш шатахууны 3-6 сарын хэрэгцээгээ үүцлэн нөөцлөх, нэг улсын хамаарлыг бололцооныхоо хэрээр багасгах, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад хурд нэмэхэд онцлон анхаарч ажиллахаас өөр арга байхгүй. Сэргээгдэх эрчим хүчний дундаршгүй их нөөцөө ашиглан, нарны илч, салхины хүчийг хүртэл журамлан хясаж, өөрсдийнхөө гэрэл гэгээг хааж, тушсан гацаанаас өөрсдийгөө чөлөөлөх нь эрсдэлийг дунд хугацаанд бууруулахын төлөө хийх ажил, шийдэх асуудал болоод байна.

Зээлээс зээл, өрөөс өрийн хоорондох гинжин хэлхээг тасалж, гадаадын банк Монголд үүдээ нээхэд хөндөлдсөн хууль, журмын түгжээг тайлж, хямд эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнгээр өндөр хүүгийн дарамтаас өөрсдийгөө чөлөөлөх хууль, эрх зүйн шинэчлэл хамгийн ихээр хүлээгдэж байна. 

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Олон улсын ээдрээтэй нөхцөлд бид улсынхаа эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудаа эргэн харж, дүгнэлт өгөх шаардлагатай байна.

Гомбожавын Занданшатарын тэргүүлсэн Засгийн газраас хэрэгжүүлсэн төсвийн зарлагын хэмнэлт, экспортыг дэмжсэн бодлогын үр дүнд эдийн засаг эргэн сэргэж байна. Эдийн засгийн өсөлт 2025 онд урьдчилсан гүйцэтгэлээр 6.8 хувь гарлаа. Хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарын сэргэлт эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааны салбарын өсөлт удааширсан нь өсөлтийг сааруулсан ч уул уурхайн салбарт газрын тосноос бусад бүтээгдэхүүний олборлолт өссөнөөр салбарын өсөлт сэргэж 10.6 хувьд хүрсэн байна. Харин сүүлийн хоёр жил дараалан зудын хүндрэлийн улмаас агшсан байсан хөдөө аж ахуйн салбар 2025 онд сэргэж 33.2 хувиар өслөө. Орон сууц, эмнэлэг, сургууль, Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт барилгын салбар өсөлтийг дэмжиж 15 хувиар эдийн засаг өслөө.

Экспорт 2026 оны нэгдүгээр сард 1.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 71.8 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмалын экспорт голлон нөлөөлсөн байна.

Инфляц хоёрдугаар сарын эцсийн байдлаар 6.5 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 3.1 хувиар, өмнөх сараас 1.0 нэгж хувиар буурсан байна.

Цаашид бид эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлж, хүндээ хүртээмжтэй болгох шаардлагатай байгааг онцлон сануулъя.

Төсвийн орлого ч, зарлага ч экспорт, нүүрсний экспортоо даган тэлж байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого тогтвортой нэмэгдэж 2025 оны байдлаар 30.1 их наяд төгрөгт хүрсэн бол нэгдсэн төсвийн нийт зарлага 2022 онд 16 хувиар, 2023 онд 24 хувиар, 2024 онд 36 хувиар нэмэгдсэн. Харин 2025 онд анх удаа 31.3 их наяд төгрөг болж буурсан нь Засгийн газрын хэрэгжүүлж буй зөв бодлого юм.

Сүүлийн жилүүдийн төсвийн хэт тэлэлтийг даган төсвийн урсгал зардлын хэмжээ өнөөдөр 24 их наяд төгрөгт хүрч, улмаар “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг төсвийн бүх төрлийн урсгал зардал хамгийн багадаа хоёр дахин нэмэгдсэн байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа 208 хуулийн 1024 заалтаар Монгол Улсын төсвийн урсгал зардлыг хуульчилсан байдаг. Энэ бүгдэд дүн шинжилгээ хийж, урсгал зардлыг хуулиар тогтоосон байдлыг өөрчилж байж, төсвийн дорвитой өөрчлөлт хийж чадахыг хууль тогтоогчид бид анхаарах хэрэгтэй.

Улсын Их Хурлаас хэлэлцэн баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн нийт зардлын эдийн засаг дахь харьцааг 2026 онд 32.2 хувь, 2027 онд 30 хувь, 2028 онд 28.6 хувь байхаар үе шаттай бууруулахаар хуулийн төсөлд тусгасан нь дэвшил байлаа. Төсвийн зардлын өсөлтийг ийнхүү хязгаарлаж байгаа нь төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, эрэлтийн гаралтай инфляцыг хязгаарлах замаар мөнгөний бодлоготой уялдуулж, дунд хугацаанд инфляцын зорилтот түвшинд тогтворжуулахад хувь нэмэр оруулах болно. Үүний үр дүнд дунд хугацаанд зээлийн хүү буурах, Засгийн газрын зээлжих зэрэглэл тогтвортой нэмэгдэх, төсвийн бодлогын орон зай бэхжих зэрэг ач холбогдлууд бий болно.

Эрхэм гишүүд ээ,

Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, гадаад, дотоодын энэ бүх хүчин зүйлсийг харгалзан, эдийн засгаа сэргээх, иргэдийнхээ ахуй амьжиргааг өөд татах эрүүл орчныг бүтээхийн тулд Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар дараах асуудал, шийдэлд онцгой анхаарлаа хандуулахыг Та бүхнээс хүсье.

1. Улсын Их Хурлын даргын хувьд эдийн засаг дахь төрийн хэт оролцооны буруу зуршлыг хумьж, хувийн хэвшлээ дэмжих, иргэнээ эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхэд нь чөдөр тушаа болсон хүнд суртлаас чөлөөлөх “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлсэн. Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагалдсан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, зөвшөөрөл нэртэй хориглолтын тогтолцоог хамтдаа нурааж, иргэнийхээ хийж бүтээх хүслийг хяссан хүнд суртлаас чөлөөлье. Зөвшөөрөл гэдэг зүсээ, нэрээ өөрчилж, бүртгэл, лавлагаа, тохирол, гэрчилгээ, дүгнэлтүүд болсон хүнд суртлын тогтолцоог халъя. Ээлжит чуулганы завсарлагаанаар Дашцэрэнгийн Энхтүвшин гишүүний ахалсан Ажлын хэсэг бүтээлчээр ажиллаж, иргэд, бизнес эрхлэгчид, төр, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн олон талын оролцоотой цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж Зөвшөөрлийн тухай хууль болон түүнийг дагалдах 90 гаруй хуулийн өөрчлөлтийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Хориглоогүй л бол зөвшөөрдөг байхаас татгалзах, олон төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөл хөөцөлдөн хүлээхгүйгээр мэдэгдээд шууд эхэлдэг болох, зөвшөөрлийн тоо, төрлийг эрс цөөлөх, шинээр олгох, сунгахад тавьдаг шаардлага нөхцөл, бичиг баримт, шат дамжлагыг багасгахыг хөдөлмөрч, ажилсаг хүмүүс санал нэгтэй дэмжиж байна. Бизнес эрхлэхэд учруулдаг захиргааны дарамтыг бууруулах, тогтвортой байдлыг нь хамгаалах, зөвшөөрлийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим төрлийн энгийн зөвшөөрөл, мэдэгдлийг төрөөс салгаж, мэргэжлийн холбоодод шилжүүлэх энэ хууль төрийн хүнд суртлыг бууруулах хандлагын дорвитой өөрчлөлтийн эхлэл болно гэдэгт итгэл төгс байна.

2. Зөвшөөрлийн тогтолцоог буруу биш зөв болгоход Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Арилжааны тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Нийтийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, татварын багц хуулийг цогцоор нь шинэчилж, хөрөнгө оруулалтад тулгарч байгаа хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгах шаардлагатайг баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, өөрийнхөө хөлс, хүчээр ахуй амьдралаа өөд татах хүсэлтэй хэн бүхэн хүсэж байгааг анхааран авч үзэх ёстой.

3. Хувийн хэвшлийн эрх зүйн байдлыг дордуулдаггүй, төр гэнэдүүлж шийдвэр гаргаж, гэнэт эргэж буцаж, орон зай, зах зээл, бизнес төлөвлөгөө, зорилтыг нь нураадаггүй, хөрөнгө оруулагчдыг урьж авч ирчхээд хөөж явуулдаггүй байхыг хуульчлан, хөгжил дэвшлийн түлш болсон хөрөнгө оруулалтыг дуудаж, дэмжих нэн шаардлагатай байна. Чөлөөтэй бизнес эрхлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг хориглож, төрийн бүх шатны шийдвэр эдийн засгийн утга агуулга дээр үндэслэх нь хөрөнгө оруулалтыг урин дуудах үндэс суурь юм. Иймд хувийн өмч хөрөнгө, бизнест халдан түрэмгийлдэг байдлыг таслан зогсоож, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдэдээ ээлтэй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлтийг яаралтай батлах шаардлагатай байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон хөрөнгө оруулалтын орчинд саад учруулж хуулийн төслүүдийг боловсруулахаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан, Чулуунбилэгийн Лодойсамбуу нарын гишүүдээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллалаа. Ажлын хэсэг Одонгийн Цогтгэрэл даргатай Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс боловсруулсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг нэгтгэн, улс төрийн намуудын зөвшилцлийн дор хамтран боловсруулж, хэлэлцэн, батлах шаардлагатай гэж үзэж байна.

4. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа дарамт болсон татварын ачааллыг бууруулах Засгийн газраас өргөн барьсан татварын багц хуулийг хэлэлцэнэ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд НӨАТ, хувь хүний орлогын албан татвар 2 их наяд төгрөг, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 700 тэрбум төгрөг, нийтдээ 2,7 их наяд төгрөгөөр ачааллыг нь хөнгөлөх, жилийн 400 сая төгрөг хүртэлх орлоготой жижиг бизнес эрхлэгч татвараа хялбараар тайлагнадаг болж, татварыг 1 хувиар тооцон төлөх зэрэг эерэг өөрчлөлтүүдийг тусгасан байна. Иймд Улсын Их Хурал, Засгийн газрын Ажлын хэсгүүд хамтран ажиллаж иргэд, аж ахуйн нэгжүүдийн шаардлагад нийцсэн татварын багц хуулийн өөрчлөлтийг цаг алдалгүй батлан гаргая. Татварын багц хуулийн төсөлд санал, дүгнэлт боловсруулах Лхагвасүрэнгийн Соронзонболд, Батбаярын Жаргалан нарын гишүүдээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна.

5. Өнөөдөр жирийн иргэдийн амьдрал зээлээс зээл, өрөөс өрийн хооронд өнгөрч байна. Арван жилийн өмнө зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20 хувь байсан бол өнөөдөр ч хэвээрээ байна. Эх үүсвэрийн өртөг нь өндөр, хугацаа нь бага, эдийн засгийн эрсдэл их, эрх зүйн орчин тогтворгүйн улмаас өндөр зээлийн хүү, өрийн гинжин хэлхээнд улс орноороо оржээ. Европ, Азийн банкнуудыг Монголд урьж дуудсан нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх эхлэл болно гэж үзэж байна. Зөвхөн зээлийн хүү төдий бус хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээлийн өрсөлдөөн, бизнесийн санхүүжилтийн боломж, иргэдэд очих хүртээмж, цаашлаад эдийн засгийн эрх чөлөөтэй холбоотой өргөн хүрээний бодлогын асуудал юм. Зээлийн хүү буулгах нь зөвхөн гадаадын банк оруулж ирээд шийдчих зүйл биш ээ. Ойрын жилүүдэд эдийн засагт эзлэх төсвийн нөлөөг бууруулж, хэрэглэгчээс үйлдвэрлэгч, халамжаас хөдөлмөрт, импортлогчоос экспортлогч улс болж байж зээлийн хүү бага түвшиндээ хүрнэ. Харин богино хугацаанд иргэд, үйлдвэрлэгчдэдээ илүү боломж нээхийн тулд Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах нь гадаадын банк орж ирж, санхүүгийн нөу-хау, шинэ стандарт, эрсдэлийн удирдлагын соёл, технологийн шинэчлэл, үр ашигтай банкны салбарын шинэ хөгжлийг эхлүүлэх болно. Санжаагийн Наранцогт Ерөнхийлөгчтэй Төв банкны бүрэлдэхүүн санаачилгатай ажиллаж, Төв банкны бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж, даргын тоог цөөлж, 700 хүрээд байсан орон тоог 500 болгож оновчилж, банкны хуримтлагдсан алдагдлыг бууруулах, гадаадын банк оруулж ирэх, зээлийн хүүг бууруулах цогц судалгаа хийж, нөхцөл байдалдаа бодитой үнэлэлт дүгнэлт хийж ажилласанд талархалтай байна. Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тухай Улсын Их Хурлаас батлан гаргасан тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Ганзоригийн Тэмүүлэн, Банзрагчийн Түвшин, Нанзадын Наранбаатар нарын гишүүдийн ахалж ажиллаж буй Ажлын хэсэг ээлжит чуулганы завсарлагаанаар ажилласны үр дүнд Банкны тухай болон Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болоод байна.

6. Улсын Их Хурал хаврын чуулганы хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгойлон анхаарна. Улсын Их Хурал гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэргийг тусгай орчинд, мэргэшсэн шүүгч шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж, Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулах шийдвэр гаргасан билээ. 2026 оны нэгдүгээр сард шүүгчид нь томилогдсон дагнасан шүүх үйл ажиллагаандаа хэрэглэх Хүрэлбаатарын Баасанжаргал, Оюунсайханы Алтангэрэл нарын гишүүдээр ахлуулсан Ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийн төслийг тогтоогчдын хувьд ч, өөрсдөө үр хүүхэдтэй ээж, аавуудын ч хувьд эн тэргүүнд шуурхай хэлэлцэн батлах шаардлагатай байна. Хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангахын тулд нөхцөл байдлыг тал бүрээс, бүрэн, бодитой тогтоох зорилгоор шүүгч нотлох баримтыг хэрэгжүүлдэг хуультай болно. Үүний хамт Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон нийгмийг цочроосон олон гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог эргэн сэргээж Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиудыг цаг алдалгүй хэлэлцэн баталж, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалцгаая.

7. Тэтгэврийн тогтолцооны нөхцөл байдал, тулгамдсан асуудал бэрхшээлийг санхүүгийн салбарыг хөгжүүлэхтэй хамтатган авч үзэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөөдөр дан ганц улсын Нийгмийн даатгалын сан шийдэл гарц, шинэ шатанд хүргэж чадахгүй нь тодорхой боллоо. Ахуй амьдралыг тэтгэж чадахгүй, хүн амын насжилт, өсөж буй хурдыг гүйцэхгүй, гал унтраах маягаар аргацаасаар нөхцөл байдлаа бид бүрэн дүүрэн дүгнэх хэрэгтэй.  Иймд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг дахин боловсруулж, хэлэлцэн батлуулах шаардлагатай байна. Улсын Нийгмийн даатгалын сан даатгадаг биш, өөрөө даатгуулдаг, тэтгэврийн тогтолцоо өөрөө тэтгэвэрт гарч, тэтгүүлдэг болсон нөхцөл байдлыг өөрчлөх хуулийг нэн яаралтай хэлэлцэн баталъя. Иргэн ирээдүйгээ дан ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Мэндбаярын Мандхай, Гончигдоржийн Уянгахишиг нараар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Нийгмийн бодлого өөрөө зорилтот бүлгүүддээ хүрч байх нь нэн чухал юм. Иймээс Отгоны Саранчулуун, Жадамбаагийн Баясгалан гишүүдээр ахлуулсан хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах Ажлын хэсэг ч үүний тод илэрхийлэл байх болно.

8. 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын багц хуулиудыг шинэчлэн батлах шаардлага үүслээ. Эрүүл мэндийн тухай хуульд салбарын нэгдсэн бодлого, засаглалын бүтэц, чиг үүргийн давхардлыг арилгах тогтолцоо бүрдүүлэх, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд эрүүл мэндийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн засаглал, үйл ажиллагааг сайжруулах, даатгалын сангийн бие даасан, хяналт, хариуцлагын тогтолцоотой, ил тод болгох, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй зохицуулалтыг сайжруулах, нийгмийн эрүүл мэнд, эрүүл амьдрах соёл, хандлагыг түгээхийг тэргүүлэх чиглэл болгох, анхан шатны тусламжийг боловсронгуй болгоход бид анхаарах шаардлагатай байна. Иймээс Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Даваасамбуугийн Ганмаа, Тогтмолын Мөнхсайхан, Буланы Бейсэн нарын гишүүдээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна.

9. “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт сайжрах биш муудаж, урагшлах бус ухарч байгаа нь бидэнд ирж буй ноцтой анхааруулга юм. 2025 онд Монгол Улс 31 оноо авч, 10 байраар хойшилж, 182 орноос 124 дүгээр байрт орлоо. Бид олон улсын байгууллагын дэлхийд танилцуулдаг тайлантайгаа мартах учиргүй. Өөрсдийнхөө толин дахь тусгалтайгаа заргалдан маргалдаад юуг ч өөрчлөхгүй, зөвхөн засаж залруулж өөрчлөх болно. Үүнд олон шалтгаан бий ч онцлон авч үзвэл

-Байгалийн нөөц баялгийн үр өгөөжийг төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах, шийдвэр гаргахтай үйл явц өөрөө ил тод бус, хариуцлага хангалтгүй байна.

-Төсвийн зарцуулалт, төрийн өмчит компаниудын засаглал сул, хаалттай нуугдмал байна.

-Шүгэл үлээгчийг хамгаалах хууль, эрх зүйн орчин тодорхойгүй байна.

-Авлигын эсрэг ард түмний шууд хараа хяналт хязгаарлагдмал байна.

-Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, халдашгүй эрхээр далайлган, мөрдөн байцаалтаас зугтаж, зайлсхийж байна.

Энэ удаагийн Улсын Их Хурлын онцгой зорилт, даалгавар бол олон улсын авлигын төсөөллийн индексээр арагшлах биш урагшилж, ахиц амжилт гаргах явдал юм. Өнөөдөр эхэлж буй хаврын ээлжит чуулганыг авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчин, хөрс бүрдүүлж, хогийн ургамлыг уг үндсээр нь арилгах хаврын тариалалт болгохын төлөө ухаан бодлоо уралдуулан мэтгэлцэхийг уриалж байна.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогчид нь Монгол Улсын иргэд юм.  Авлигын хохирол бол иргэн бүрийн эдлээгүй боломж, аваагүй цалин, биелээгүй мөрөөдөл, алдарсан итгэлцэл юм. Энэ хаврын ээлжит чуулганаар хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг илрүүлэх, хураан авах, нөхөн төлүүлэх илүү ил тод, илүү хариуцлагатай, үр дүнтэй хуульчлахад бид анхаарах болно.   

Улс төр, төрийн өндөр албан тушаалтны нотолж чадаагүй, хууль бусаар олсон  орлогыг хураан авч, иргэн бүрд илүү өгөөжтэй эрүүл мэнд, боловсролд зориулж эмнэлэг, сургууль барихад зарцуулдаг болох хуулийг энэ хаврын ээлжит чуулганаар хуульчлан шийдвэрлэх хүсэл зоригтой байна. Энэ хуулийг боловсруулах ажлыг Нийтийг албан тушаалтны хөрөнгө хураах хуулийг санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Оюунсайханы Алтангэрэлд хариуцуулан ахлуулан ажиллуулах болно.

Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжингээр ахлуулсан Ажлын хэсгээс боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Доржсүрэнгийн Үүрийнтуяагаар ахлуулсан Нийтийн өмчийн болон төрийн өмчит компанийн тухай хуулийн төслийг батлах болно.

Улсын Их Хурлын гишүүн Болдын Уянга нарын боловсруулсан Олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэн батлах нь ч авлигын төсөөллийн индексийг бууруулахад чухал алхам болно хэмээн үзэж байна.

Улсын Их Хурлын даргын “Чөлөөлье” санаачилга, “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын дагуу Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Энхцэцэг, Саруулсайханы Цэнгүүн нарын Ажлын хэсэг идэвх, санаачилгатай ажиллаж, 20 кВт-аас доош үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг түгээх сүлжээнд холбоход хүлээдэг 6-12 сарыг ажлын 11 хоног, 9-15 шат дамжлагыг 3 болгон цөөлж, техникийн нөхцөл шаардахгүй болгон, нарны илч, гэрлийг хүртэл халхалсан хүнд суртлаас чөлөөлж чадлаа. Аймгийн төвүүдэд нарны хавтан, хураагуур станцад барихад хөндөлсөн зөвшөөрөл, газар олгохыг хөнгөвчилж, хөрөнгө санхүү босгох бэлтгэл орчин бүрдээд байна.           

Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудлыг цогцоор нь харж, хууль тогтоомжийн давхардал хийдлийг арилгахаар Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяа, Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нарын Ажлын хэсгийн үр дүнд ногоон хөгжлийг чөдөрлөсөн эрх зүйн зохицуулалтыг чөлөөлөх хуулийн шинэчлэлийг хийх Ажлын хэсэг ажиллаж байна. Байгаль орчны салбарыг усгүйгээр төсөөлөхийн аргагүй. Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг ч хариуцлагатай ажиллаж байгааг Та бүхэнд онцлон тэмдэглэе.

Хөдөө орон нутагт 8200 гаруй иргэнтэй уулзахад олон удаа дахин давтагдаж байгаа асуудлуудад онцгойлон анхаарч, боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох Улсын Их Хурлын гишүүн Жанчивын Галбадрах,  Ахмад настны тухай хуулийн Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Эрдэнэбат, Малчны тухай хуулиудын биелэлтийг шалгах Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Очирбатын Амгаланбаатар, Цагаанхүүгийн Идэрбат нараар ахлуулж шалган судалж, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх хувилбарыг тодорхойлох, шаардлагатай шийдвэрийн төслийг боловсруулахаар ажиллаж байгааг Та бүхэндээ онцгойлж хэлье.

Төрийн албан хаагчид сар тутам, улирал тутам, хагас жил тутам, бүтэн жилээр, бодлогын баримт бичгийн төрөл тус бүрээр гэхчлэн хамгийн багадаа 14-18 төрлийн тайлан бичиж байна. Төрийн албан хаагчдын нийт үйл ажиллагааны 70 хувь нь урьдаас төлөвлөөгүй, гэнэтийн шинжтэй, тухай бүр удирдлагын заавраар хийгддэг, тайлан, мэдээлэл бэлтгэх ажлууд багтаж байна.

Ийм учраас Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн бүтээмж, үндсэн ажилдаа зарцуулах цагийг нэмэгдүүлэхийн тулд дэлхийн улс орнуудад баримталж байгаа “Once-Only” зарчим буюу “Ижил агуулга бүхий тайланг нэг удаа авч”, дараа нь бусад байгууллага хэрэглэх хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Энэ хуулиар төрийн байгууллага, албан тушаалтан цахим системд байгаа тайлан, мэдээллийг төрийн албан хаагчаас давхардуулан шаардах, цаасан хэлбэрээр гаргуулан авахыг бүр мөсөн хориглоно. Цаашид Улсын Их Хурал баримт бичгийг олшруулан тараадаг биш цахим хэлбэрээр танилцаж, цаасны зардлыг бууруулна. Иймд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Цэндийн Сандаг-Очир нарын гишүүдийн боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Засгийн газар дахь хяналтын тухай хуулиар эдгээр асуудлыг нэг мөр шийдэх болно.

Эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын чуулган бүрэн эрхийн хугацаандаа 119 удаа хуралдаад байгаа энэ үед ердөө 19 хувьд нь оролцсон гишүүн ч байна. Хурал чуулгандаа сууж, сонгогчдоо төлөөлөх үндсэн ажлынхаа 81 хувийг тасалсан хууль тогтоогч байгаа цагт парламентын нэр хүнд, итгэл, дархлаа суларна.

Нээлттэй парламентыг бүрдүүлж, иргэдийн хяналтыг бэхжүүлэх чиглэлээр Улсын Их Хурлын үйл ажиллагааг илүү ил тод, нээлттэй, цаас биш цахим, баримжаа сураг биш баримт нотолгоонд үндэслэн хөгжүүлэх зорилгоор ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын Тамгын газраас e.parliament.mn платформ нэвтрүүллээ. Улсын Их Хурлын гишүүдийн ирц, санал хураалт, хурлын тов, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Ажлын хэсгийн оролцоо, идэвх зэргийг бодит цагийн горимоор нээлттэй мэдээлж, эдийн засаг, нийгмийн 4 үндсэн салбарын 12 дэд бүлгийн 160 гаруй үзүүлэлт бүхий их өгөгдөл, статистикийн дашбоард (хяналтын самбар)-ыг Улсын Их Хурлын гишүүн Та бүхэнд тарааж, хэрэглүүлж эхэллээ. Энэхүү дашбоард Улсын Их Хурлын гишүүдийн ирц, оролцоо, идэвхийг нээлттэйгээр харах боломжийг бүрдүүлэх бөгөөд  иргэд сонгогчид ч гэсэн тэр сонгосон гишүүнийхээ ажлын тайлан, ирц болон идэвх оролцоог цаг тухайд нь хардаг шинэ соёл бүрдэх болно.

Энэхүү дашбоардыг амилуулах зорилгоор хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, парламентын үйл ажиллагаанд ашиглах, их өгөгдөл, судалгаа, мэдээлэл боловсруулахад ашиглаж эхлээд байгааг эрхэм гишүүд Та бүхэндээ хэлье.

Хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаанд хиймэл оюуныг нэвтрүүлж, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 378 хуульд шинжилгээ хийхэд 1000 гаруй заалт нь хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан, шууд зөрчиж байна гэсэн дүн гарсан. Эрх чөлөөт Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг тушсан 1000 чөдөр, 1000 гох дэгээ байна. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл бүрийн хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан эсэхийг хэн бүхэн нь d.parliament-ад зочилж, хиймэл оюуны тусламжтайгаар дүн шинжилгээ хийдэг болсон нь эрх зүйн чөлөөлөлтөнд технологийн дэвшил ашиглаж эхэлсний үр дүн юм.

Цаашид хүний эрхийг зөрчсөн хууль тогтоомжуудын давхардал хийдлийг арилгахаар Сүхбаатарын Эрдэнэболд, Хүрэлбаатарын Баасанжаргал нарын гишүүдийн Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Чинбатын Анар гишүүний ахалдаг Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны санаачилгаар парламентын нээлттэй өгөгдлийн (Open Data) сан байгуулах ажлыг ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд хэрэгжүүлж эхлэлээ.

Хуулийн төсөл, нэмэлт, өөрчлөлтийн текстийг онлайнаар нээлттэй байршуулж гишүүн бүрийн санал хураалтын дүнг ил тод харуулах, хуулийн төслийн явцыг эрхэм гишүүд Та бүхэн өөрсдийн IPad дээрээ нээлттэй харах бололцоог бүрдүүлсэн юм.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Ардчилсан орны, ардчилсан парламентын дархлааг сулруулах биш бэхжүүлэх, цаашид парламентыг илүү хариуцлагажуулах талаас нь шүүн тунгааж, иргэдийн санал бодлыг тусган олноороо хэлэлцэх учиртай.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, дэлхий дахины хурцадмал байдал, төрийн хүнд суртлаас иргэн, хувийн хэвшлээ чөлөөлөх шаардлага, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодитой өөрчлөлт гаргах, эдийн засгийн өсөлтийг өрхийн хаалгаар оруулах зорилгодоо тууштай байж үндэсний эрх ашгаа эрхэмлэн, мэргэжлийн мэтгэлцээн өрнүүлж, олон ургалч үзлийг уралдуулан өндөр хариуцлагатай ажиллахыг Та бүхнээс хүсье.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.