Зэвсэгт хүчний 326 дугаар анги 2025-2026 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу тусгай тактикийн хээрийн сургуулийг амжилттай зохион байгуулж явууллаа. Хээрийн сургуулийн төгсгөлд зенитийн пуужин артиллерийн дивизионтой байлдааны буудлага, харвалтыг гүйцэтгэх явцтай Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Б.Баатар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Ч.Цогтжаргал, Агаарын цэргийн командлагч бригадын генерал Б.Мөнх-Ирээдүй нар танилцсан юм.

Зенитчид энэ удаагийн харвалт, буудлагыг орчин үеийн байлдааны туршлага сургамжид үндэслэн зохион байгуулснаараа онцлог байв. Тухайлбал, хөдөлгөөнтэй, явдал дундаас буудлага, харвалтыг гүйцэтгэх, зенитийн артиллерийн буунуудыг зенитийн пуужингийн системүүдтэй хослуулж цел устгахад ашиглах, дронтой тэмцэх болон нисгэгчгүй нисэх хэрэгслээр зэвсэг хүргэх, татан гаргах зэргийг амжилттай гүйцэтгэснээрээ ач холбогдолтой боллоо.Түүнчлэн энэхүү хээрийн сургуульд цэргийн алба хаагчдын оюуны бүтээлээр сэргээн сайжруулагдсан ЯЦБМ дээр суурилуулсан 23 мм-ийн бууг оролцуулж, зенитчдээс Зэвсэгт хүчний зарим нэгтгэл ангийн пуужин харвагч нарт сургалт дадлага явуулснаараа онцлог байв.

Зенитчдийн буудлага, харвалтыг нийслэлийн Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид үзэж сонирхсон юм.

Төгсгөлд нь Батлан хамгаалахын сайд Д.Батлут гайхамшигтай сайхан буудлага, харвалт болсныг дурдаж, онцгой мэргэн байсан офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдад шагнал гардуулж, эх орноо батлан хамгаалах их үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

