Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалах яамд хоорондын XI зөвлөлдөх уулзалт 2026 оны 3 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд БНТУ-ын нийслэл Анкара хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын өнөөгийн харилцааг дүгнэж, ирээдүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд хоёр тал ойрын ирээдүйд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган, хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав.

Ингэснээр цаашид манай хоёр улс цэргийн сургалт, боловсрол, хамтарсан хээрийн сургалт дадлага, Батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа, кибер аюулгүй байдал, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа зэрэг чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга хурандаа Э.Гансүх, Туркийн талаас Зэвсэгт хүчний Жанжин штабын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга бригадын генерал Эрдоган Чатал нараар ахлуулсан Батлан хамгаалах салбарын өндөр түвшний төлөөлөгчид оролцсон юм.
