Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй стратегийн түншлэл бүхий хэд хэдэн хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй 2024 оны есдүгээр сарын 7-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйд баяртай байгааг илэрхийллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь хоёр улсад харилцан ашигтай стратегийн асуудал гэдгийг дурдаад Шивээхүрэн-Сэхээ, Чойбалсан-Бичигт, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг төмөр замын хил холболтын төслүүдэд БНХАУ-ын тал хамтран ажиллаж эдгээр төслийг эрчимжүүлэхийг хүслээ. Улаанбаатар хотод метро барих, тойрог хурдны зам байгуулах төслүүдэд БНХАУ-ын талтай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Мөн эрчим хүчний салбарын реформын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Мөн Буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах, хил дамнасан усан аялал жуулчлал хөгжүүлэх саналыг Ерөнхий сайд шинээр дэвшүүлээд Буйр нуурын ойр орчим 4C зэрэглэлийн нисэх буудал байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү төсөл нь Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улс хооронд хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх “Цайны зам” хөтөлбөрийг дэмжих нэг том хүчин зүйл болох боломжтойг тодотголоо.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Засгийн газрын урилгаар Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяний мэндчилгээг уламжлав. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д өнгөрсөн онд хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв.
Дэд дарга Хань Жөн хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ард иргэдийн найрамдал, солилцоог нэмэгдүүлэх чиглэлд Монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санал болгож буй дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.