Төрийн албан хаагчийн цалинг ирэх онд 6 хувиар нэмнэ

Сангийн сайд Б.Жавхлан “Төрийн албан хаагчийн цалин хөлсийг ирэх онд 6 хувиар нэмэхээр тооцсон” хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 22-ны өдрийн хуралдаанд Сангийн сайд оролцож, ирэх төсвийн төслийг танилцуулах үеэрээ уг мэдээллийг хийжээ. Одоогийн байдлаар 226.2 мянган төрийн албан хаагч бүртгэлтэй ба цалин урамшууллыг нэмэхдээ инфляцын түвшинтэй уялдуулсан болохыг танилцуулгадаа дурдлаа.

Засгийн газраас нийт төрийн албан хаагчдын цалинг өнгөрсөн оны долоодугаар сарын нэгнээс дунджаар 40 хувиар, энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувиар, бусад төрийн албан хаагчдын цалинг 10 хувиар тус тус нэмсэн. Мөн төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутгийн төрийн захиргаа, төрийн үйлчилгээ болон улс төрийн албан тушаалын албан хаагч сум, тосгонд ажиллаж байгаа бол 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа бол 20 хувиар үндсэн цалингаас тус тус тооцож энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс нэмж олгож байгаа юм. Монгол Улсын 2025 оны төсвийн бодлого хэрэгжсэнээр нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд, төсвийн нийт зарлага 35.8 их наяд, нэгдсэн төсвийн суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байхаар байгааг тэрбээр онцоллоо.

Ирэх оны төсвийн төслүүдийн хоёр дахь шатны хэлэлцүүлэг УИХ-ын байнгын хороодын түвшинд хэлэлцэгдэж байна.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.