Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа

Өнгөрсөн онд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, олон асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрснээ тэмдэглэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээг нь уламжлахыг хүсэв.

Хоёр талын харилцааны олон чухал ой тохиож буй энэ үед БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилж байгаа нь мөнхийн хөрш манай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илрэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тэмдэглэв.

Тэрбээр хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон асуудлууд, тухайлбал, хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх, хоёр улсын дэд бүтцийн холболтыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хоёр талын холбогдох байгууллага идэвхтэй ажиллах нь зүйтэйг онцлов.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.