“Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024” өнөөдөр “UG Arena” төвд боллоо.
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, УИХ-ын чуулганаар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан гаргасан билээ.
Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцох зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутаг, иргэний төлөөллийг оролцуулсан “Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024”-ын “Шинэ стандарт” уриан дор зохион байгууллаа.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-ЭрдэнэХойд бүсийн хөгжлийн талаар хэлэхдээ,
“Хойд бүс нь аялал жуулчлал, үйлдвэржилттэй холбоотой бүс болж байгаа учраас нэн тэргүүнд эдгээр салбарт анхаарна. Мөн мал аж ахуй, газар тариалантай холбоотой үйлдвэржилтүүдэд түлхүү анхаарч ажиллана.
Урьд өмнө нь 76 тойрогт санхүүжилтээ өм цөм тавьдаг байсан бол бүсчилсэн хөгжлийг бий болгосноор илүү өргөн хүрээнд, том утгаар нь хардаг болж байна. Арьс ширний үйлдвэр гэхэд Булган аймагт ч хэрэгтэй, Хөвсгөл аймагт ч хэрэгтэй. Бүсүүд дундаа үүний төсөв мөнгийг нь шийдээд хийх боломж бололцоо одоо гарч байгаа нь бүсчилсэн хөгжлийн гол ач холбогдол нь юм.
Аялал жуулчлалтай холбоотойгоор дэд бүтцийн асуудлуудыг анхаарна. Нэн тэргүүнд Хөвсгөлийн бүс нутагт Ханх-Хатгал чиглэлийн 133 км замыг зайлшгүй засах шаардлагатай. Хоёрдугаарт, Булган аймгаас Орхон, Хишиг-Өндөр, Гурванбулаг чиглэлийн автозамын ажил эхэлчихсэн явж буйг зайлшгүй дуусгана. Цаашлаад мөн Рашаант сум хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр Элсэн тасархай орчмын аялал жуулчлал хөгжих боломж нэмэгдэнэ. Мөн Өгий нуурыг Хөвсгөл нууртай холбох автозамын асуудал яригдаж байна. Эдгээр гурван замын асуудал дээр нэн түрүүнд анхаарлаа хандуулна” хэмээлээ.