Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой бөхийн уламжлалт барилдаан боллоо.
Уг барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва зэрэг улсын цолтой 29 бөхөөр магнайлуулсан 224 бөх зодоглов.
Энэхүү барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булган Хангай” дэвжээний бөх улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэв. Ч.Батчулууны хувьд нийслэлийн 380 жилийн ойн барилдаанд буюу таван жилийн өмнө түрүүлж байсан билээ.
Их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Д.Амарсайхан, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.
Дараагийн барилдаан ирэх сарын 2-ны бямба гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжлэх юм.