Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Номинчимэг, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Д.Энхтуяа нар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллалаа.
Хүний эрхийн дэд хороо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар 2024-2025 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталсан бөгөөд 19 зорилт бүхий тус төлөвлөөний дагуу ийнхүү гишүүд, холбогдох албан тушаалтнуудын хамтаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд гишүүдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ерөнхий мэдээллийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар 14 аймаг баривчлах байргүй бөгөөд холбогдох зардлыг төсөвт тусгах санал өгсөн ч хасагдсан гэв. Тус байгууллагын чиг үүрэгт яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ нэмэгдсэн. Энэ нь зорчих эрхийг хязгаарлах ялаас ялгаатай гэдгийг тэрбээр танилцуулгынхаа явцад онцлоод таслан сэргийлэх тус арга хэмжээг авахдаа хяналтын төхөөрөмж ашиглах шаардлагатай бөгөөд холбогдох төсөв, хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай байгааг дуулгасан. Мөн тус байгууллагын орон тоо нэмэх, алба хаагчдын цалин хөлс, нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагын талаар танилцууллаа.
Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Ганбат ангийн нөхцөл байдал, хоригдогсдын эрхийг хангах чиглэлээрх үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тус хаалттай хорих анги нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан; сэжигтнээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан; шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болоогүй шүүгдэгчийг хүлээн авах; шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон хоригдогсдыг хуваарилагдсан хорих ангид нь хүргэх зэрэг дөрвөн чиг үүргийг хэрэгжүүлдэг хэдий ч хүний нөөцийн дутагдалтай байгаа гэв. Тус ангид бүх насны хоригдогсод, жирэмсэн, нялх хүүхэдтэй эмэгтэйчүүд ч ирдгийг онцоллоо.
Мөн сургалт, нөлөөллийн ажлын хүрээнд хууль эрх зүй, түүх, уран зохиолын мэдлэг олгох, өсвөр насны хоригдогсдын сурах эрхийг хангах олон төрлийн арга хэмжээ авахаас гадна Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Түүнчлэн эмэгтэйчүүдэд 0-3 насны хүүхэдтэйгээ уулзах, нялх, нярай хүүхдээ хөхүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн хүүхдийн өрөөтэй болжээ.
Эргэлт, уулзалтын товыг цахимаар шийдвэрлэдэг болсон нь иргэдийн цагийг хэмнэсэн дэвшилтэт шийдэл болсон байна. Сэжигтнээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан хоригдогсдын талаар мөрдөгч болон харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд мэдээлэл хүргэдэг тусгай дугаартай болжээ. Тус ангид ТҮЦ машин байрлуулсан, хоригдогсод И-Монголиа цахим системд хандах боломжийг бүрдүүлснээр төрийн үйлчилгээг цахимаар авдаг болсныг мөн танилцууллаа.
С.Ганбат хурандаа ангийн нэгдсэн эмнэлгийн талаар танилцуулахдаа, эмч нарын орон тоо сул байгаа бөгөөд байгууллагын үйл ажиллагааны онцлогоос үүдэн нөхөх амаргүй байдгийг дурдлаа. Тус ангийн эмнэлэг болон хамтын ажиллагааны хүрээнд бусад эмнэлгээс тусламж, үйлчилгээ авсан хоригдогсдын 69.3 хувь нь эрүүл мэндийн даатгал төлөөгүй, үүнээс үүдэн өр хуримтлагдаад байгаа аж. Түүнчлэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодист хордсон хоригдогсдод хордлого тайлах эмчилгээ, үйлчилгээг зайлшгүй үзүүлэх болдог ч холбогдох зардал, төсөв огт байдаггүй хэмээгээд энэ асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээ гишүүдэд хэлж байв. Энэхүү хорих анги ачааллын хувьд 5-10 дахин их байдаг нөхцөлийг харгалзан алба хаагчдын нийгмийн асуудалд зохих хэлбэрээр анхаарах хүсэлтийг илэрхийллээ.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, алба хаагчид долоо хоногт нэг өдөр, прокурорын байгууллагын алба хаагчид долоо хоногт хоёр өдөр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажилладаг байна.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, монгол төр иргэнийхээ эрхийг хангах чиглэлээр алхам алхамаар ахиц дэвшил гаргаж байгааг тэмдэглээд “Хорих ангиудад ял эдэлж, хоригдож байгаа иргэний эрхийг хангахын зэрэгцээ энд ажиллаж буй алба хаагчдын эрхийг хамгаалах, хангах асуудлыг орхигдуулж болохгүй. Орон тоо дутуу байгаа нь хоригдогсдын эрх зөрчигдөх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна энд ажиллаж байгаа алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зөрчил үүсгэж байгаа. Энэ мэтчилэн төсөв, санхүүгийн асуудал нь хүний эрхийг хангахтай шууд хамааралтай. Тиймээс та бүгдийн танилцуулж буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ. Төрийн байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхэд нь шийдвэр гаргагчид төсөв, санхүүжилтийг шаардлагатай хэмжээгээр нь хуваарилж байх ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлж, Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд болон Хүний эрхийн дэд хороо энэ чиглэлд дэмжин ажиллана гэлээ. Х.Баасанжаргал гишүүн, хоригдогсдын суралцах эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар, хоригдогсдын хөдөлмөрлөх эрхийн асуудал, үүнд прокурорын байгууллагаас хэрхэн хяналт тавьдаг талаар, хорих байранд ээжийнхээ хамт байгаа бага насны хүүхдүүдийн эрхийг хамгаалах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулж, хариулт авсан юм.
Хорих байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төсөв нь хоригдогсод болон алба хаагч нарын эрхийг хангах, хамгаалахтай шууд хамааралтай гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар энэ үеэр тэмдэглэж байсан юм.
Ийнхүү талууд танилцуулга, мэдээллийн хүрээнд ярилцаж, санал солилцсоны дараа Хууль зүйн байнгын хорооны дарга, Хүний эрхийн дэд хорооны дарга болон Улсын Их Хурлын гишүүд, албан тушаалтнууд Цагдан хорих төвийн шалган нэвтрүүлэх байр, нэг цэгийн үйлчилгээ, нэгдсэн эмнэлэг гэх зэрэг тус хаалттай хорих ангийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай биечлэн танилцсан юм.
Мөн энэхүү хаалттай хорих ангид ажиллах үеэрээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс авсан зөвшөөрлийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, тус Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нарын хамтаар шүүгдэгч Н.Өнөрцэцэгтэй уулзсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.