“Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөл хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөө Монгол Улсын баримталж буй ногоон, дижитал шилжилтийн бодлого, үйл ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймагт 2028 он хүртэл хэрэгжих юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар Хөвсгөл аймагт ойн салбарын 100 жилийн ойн баярт оролцож, энэ үеэр Хөвсгөл аймагт төслийг эхлүүллээ.
Энэхүү төсөл нь Ойн түншлэлийн хүрээнд хэрэгжсэн “Монгол оронд хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийн үргэлжлэл 2-р дугаар шатны төсөл юм.
STREAM+ төсөл нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн тогтвортой туршлагыг сурталчлах, өртгийн сүлжээг тогтвортой, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролыг сайжруулах, ногоон технологийг нэвтрүүлэх замаар бүтээмжийг нэмэгдүүлж, амьжиргааг дээшлүүлэх, экосистем, биологийн олон янз байдлыг бэхжүүлж, улмаар ирээдүй хойч үеийн тогтвортой байдлыг хангахад чиглэх юм. Төслийн бүхий л үйл ажиллагаа тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй, гамшгийн эрсдэлийн удирдлага, жендерийн мэдрэмжтэй хандлагыг тусгасан байх юм.
Төслийн нээлтийн үеэр Элчин сайд Ина Марчюлёните “Хөвсгөл аймгийн ойн салбарын 100 жилийн ойн баярт оролцож буйдаа туйлын баяртай байна. Энэ түүхэн ой дээр, дараагийн 100 жилийн хөгжил дэвшлийн эхлэл дээр хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төслийг Хөвсгөл аймагт эхлүүлж байгаад талархаж байна.
Энэ төсөл амжилттай болох гол цөм бол орон нутгийн ойчид, иргэдийн арвин мэдлэг туршлага, хамтын ажиллагаа юм” гэдгийг онцоллоо.
Төслийн хүрээнд хүнсний хангамж, уур амьсгалын өөрчлөлт болон жендэрийн тэгш бус байдалтай холбоотой дэлхий нийтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан, хөдөө аж ахуй болон ойн салбарын бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, нэгдсэн, тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуй болон ойн байгаль орчны менежментийг дэмжих юм.
Энэхүү төслийг Европын Холбоо болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамнаас санаачлан санхүүжүүлж, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хүнс, хүнс хөдөө аж ахуйн байгууллага (НҮБ-ын ХХААБ), Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) хамтран хэрэгжүүлэх юм.