Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах үүрэгтэй байдаг. Эдгээр үүргээ хэрэгжүүлж ажиллахыг НХШГ-аас анхааруулж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л шатны аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-д албан мэдэгдэл хүргүүлжээ.
Тодруулбал, орчны аюулгүй байдлыг хангах, орчны 50 метрийн цэвэрлэгээ, үйлчилгээ, өвлийн цагт халтиргаа гулгааг арилгах, өөрийн эзэмшлийн газрын хашаа хайсны аюулгүй байдлыг хангуулах, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам, талбайн эвдэрсэн хэсгийг засах, орон сууцны байранд лифтний засвар, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэх, барилгын гадна фасадын өнгө үзэмжийг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх албан мэдэгдэл хүргэжээ.
Албан байгууллагуудад өгсөн мэдэгдлийн хүрээнд хийсэн ажлыг 2025 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад тусгаж, гүйцэтгэлийг шалгах юм. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авах, эрх бүхий албан тушаалтны хугацаатай үүрэг даалгавраар хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй.