МУИС-Мельбурны Хууль зүйн сургуультай хамтран ажиллана

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль Австрали Улсын Мельбурны Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тус гэрээнд Мельбурны Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор Жианлин Чен, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа нар гарын үсэг зурав.

Гэрээний дагуу МУИС-ийн гуравдугаар курс төгссөн, шилдэг хоёр оюутныг Мельбурны Хууль зүйн сургуульд сургах юм. Монгол оюутнууд амжилттай суралцвал МУИС болон Мельбурны Их сургуулийн хос дипломтой төгсөх аж.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа “Мельбурны Хууль зүйн сургууль нь дэлхийд ТОП 10-д жагсдаг нэр хүндтэй сургууль юм. Манай оюутнууд энэхүү нэр хүндтэй сургуульд суралцах боломжтой болж байгаа нь маш сайхан үйл явдал. Тус гэрээгээр дамжуулаад Австралийн их сургуулиуд, ялангуяа Мельбурны их сургуультай олон талт хамтын ажиллагааг цаашид хэрэгжүүлнэ гэж найдаж байгаа” хэмээлээ.

Мөн багш солилцоо, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа зэрэг олон талаар хамтран ажиллах зорилготойг Мельбурны Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор Жианлин Чен онцолж байлаа.

Мельбурны Их сургууль нь 1853 онд Австрали улсын Викториа мужид байгуулагдсан хамгийн ууган Их сургууль юм. Австралийн 4 Ерөнхий сайд, 5 ерөнхий захирагч Мельбурны их сургуулийг төгссөн бол Нобелийн 8 шагналтан тус сургуульд багшилж, суралцаж, судалгаа хийж байжээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.