Суралцагчид санаачлан эхлүүлж буй “Шударга ёс бол миний гоёо” уриатай “Сайн иргэн” аян нээлтээ хийлээ. Нээлтэд Боловсролын сайд П.Наранбаяр оролцож, “Сайн иргэн” гэж хэн бэ, шударга байх, баатарлаг үйл хийх нь ямар ач тустай байх талаар сэтгэгдлээ хуваалцав.
11-р сарын 6-аас 12-р сарын 3 хүртэл үргэлжлэх тус аяны ерөнхий зохион байгуулалтыг Монголын сурагчдын холбоо хариуцан, Боловсролын яам, Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар дэмжиж хамтран ажиллана.
Аянд ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн 120 гаруй мянган сурагчийг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд аяны хүрээнд сонгогдсон ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.
-“Сайн иргэн” сургалтыг зохион байгуулна.
-Цахим орчинд эерэг мэдээлэл түгээх уриалгыг сурагчдын дунд өрнүүлнэ.
-Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлан таниулна.
– “Миний баатарлаг түүх” зохион бичлэг, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, өдөрлөг зохион байгуулна.
-“Нэг минут нэг боловсрол” шударга ёсны агуулга бүхий видео бичлэгүүдийг бэлтгэж хүргэнэ.
-“Шударга ёс бол миний гоёо” сэдэвт захидал бичнэ.
-“Шударга ёс бол миний гоёо” reel болон зохион бичлэгийн уралдаан зохион байгуулна хэмээн Боловсралын яамнаас мэдээллээ.