“Хүүхдэд ээлтэй-Ховд” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгуулжээ

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэн, тэдний дэвшүүлж буй санал санаачилгыг дэмжих зорилгоор Ховд аймгийн ЗДТГ, аймгийн хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран “Хүүхдэд ээлтэй-Ховд” аймгийн хүүхдийн нэгдсэн чуулганыг зохион байгууллаа.

Ховд аймгийн Засаг даргын ивээл дор болж буй тус чуулганд 17 сумын Ерөнхий боловсролын 24 сургууль, “Хөгжил” политехникийн коллеж, “Ховд лицей” сургууль, Хүүхдийн нэгдсэн зөвлөл, Хүүхдийн оролцооны клубүүдийн төлөөлөл нийт 350 гаруй хүүхдүүд оролцжээ.

Чуулганы хаалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Жаргалант сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн болон Хүүхдийн элчээр сонгогдсон эрхмүүд оролцов.

Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр “Хүүхдийн эрх, оролцоог нэмэгдүүлэх аливаа арга хэмжээг аймгийн удирдлагууд дэмжиж, Хүүхдийн төлөө ЗА гэж нэгдэн, боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн хөгжих ээлтэй орчинг бүрдүүлэхэд анхаарч ажиллана” гэдгээ онцоллоо.

Мөн “Хүүхдийн дуу хоолой” салбар хэлэлцүүлэг өрнүүлж хэлэлцүүлгээс гарсан шинэ санал санаачилгыг аймгийн удирдлагуудад уламжилж, ажил хэрэг болгож ажиллахыг хүсэв.

Ховд аймгийн нийт хүн амын 40.1 хувь буюу 36617 нь хүүхэд.

Аймгийн хэмжээнд хүүхэд хамгаалал хариу үйлчилгээ үзүүлэх 29 хамтарсан багийн 256 гишүүн, Хүүхэд хамгааллын 57 баг, байгууллагуудын дэргэдэх 118 эцэг эхийн зөвлөл байгуулагдан хүүхдийн төлөө ажиллаж байна хэмээн Ховд аймгийн ИТХ-аас мэдээллээ.

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.