Хотын гол гудамжны явган замыг ирэх онд стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Улаанбаатар хотын гол гудамж, замуудын явган замыг ирэх онд стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ. 

Ингэхдээ хөдөлгөөний аюулгүй байдал, холболт, өргөн, гадаргуун барзгаржуулалт зэрэг шаардлага тавьж байна. Иж бүрэн гудамжны төлөвлөлтийн хүрээнд авто зам, ногоон байгууламж, явган зам, барилга гэсэн дарааллыг баримтална.

Мөн зам хариуцагчийн тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ. Ингэснээр явган зам эвдэрсэн тохиолдолд тухай бүрд нь шуурхай засах боломж бүрдэж байна. Түүнчлэн ажлын талбайн нарийвчилсан зохион байгуулалтын төлөвлөгөөг гаргаж, явган зам хийж буй талбайг гүйцэтгэгч аж ахуйн нэгж авах юм. Тухайн талбайг хаах тохиолдолд хөдөлгөөн зохион байгуулалт хийж, явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөл бүрдүүлсэн байх шаардлагыг тавихыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

УБЗАА-наас 2022 онд нийслэлд 66 мянга орчим ам метр стандартад нийцэхгүй, гөлгөр гадаргуутай явган зам бий. Үүний ихэнх нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Самбуугийн гудамж зэрэг хотын төвийн хэсгээр байна. НЗДТГ-аас энэ онд шаардлагад нийцэхгүй байршлуудын явган замыг нэг стандарттай болгон, барзгар гадаргуутай чулуугаар хийх шийдвэр гаргаж, одоогоор таван багц ажлын худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг шалгаруулж, дөрвөн багц ажлын худалдан авах ажиллагааг зарлажээ.

Түүнчлэн, 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засаж, өргөтгөөд байна. Энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотой 13 мянган ам метр буюу  51 мянга гаруй ам метр явган зам засжээ. 

Энэ мэдээг хуваалцах :

Хариулт үлдээнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд Subeedei.mn хариуцлага хүлээхгүй.